Тэмцээний тухай сэтгэгдлээ хэлнэ үү?
“А” зэрэглэлийн тэмцээнд ФИЛА-гаас албан ёсоор төлөөлөгч ирүүлж удирдуулдаг журамтай, тэр журам ёсоор танай оронд ирж “Mongolia Open-2013” олон улсын тэмцээнийг удирдлаа. Тэмцээн боломжийн түвшинд явагдлаа. БНХАУ-ын Өөртөө засах орны бөхчүүд шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж дэвжээн дээр суулт хийснийг эс тооцвол зөрчил маргаан гарсангүй.
Та манай оронд хэд дэх удаагаа ирэв?
Би гадаад оронд явсан тэмдэглэл хөтөлдөг, найм дахь удаагаа ирж байна, гурван удаа нь тэмцээн удирдлаа. Хамгийн сүүлд 2006 онд танай Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд ирж байсан. Тэгээд сая ирэхэд танай орон танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн байна. Спортын сайхан ордонтой болсон байна. ДАШТ-нээс бусад ямар ч өндөр зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой болсон байна. Танай бөхчүүдийн ялангуяа эмэгтэй бөхчүүдийн амжилт улам өсч байна. Олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр нартай бас Х.Ганболд байна, би эд нартай тэмцээнд байнга таардаг. Бусад шүүгч нараа гадаадад тэмцээнд явуулж байвал туршлага их хуримтлуулна.
Өөрийн тухай, хэрхэн шүүгч болов?
Би одоо Сөүл хотод Биеийн тамирын их сургуульд тэнхимийн эрхлэгчээр ажилладаг, профессортой цолтой. Багадаа нилээд хэдэн жил барилдсан, дүүрэг, мужийн тэмцээнээс медаль авч байсан сайхан он жилүүд сэтгэлд байнга хадаастай байдаг. Дараа нь хэдэн жил дасгалжуулагчаар ажиллаж байгаад шүүгчийн ажилд шилжиж гучаад жил шүүгч хийж байна даа. 2000 онд Сиднейн олимпийн наадмын өмнөхөн олон улсын шилэгдмэл шүүгч болж дөрвөн олимпийн наадамд шүүгчээр ажилласан, асар их туршлагатай шүүгч гэж намайг л хэлэх байх.
Удахгүй ОХУ-ыын Санкт-Петербург хотод ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хурал болно...?
Миний бодлоор, бөхийн спорт бусад 7 төрлийн спортыг ардаа орхиж олимпийн төрөл хэвээр үлдэнэ гэж бат итгэж байна. Хүмүүс аль дээр үеэс хүч тэнхээгээ үзэж ирсэн, ийм гол спортын төрлөө олимпийн хөтөлбөрөөс хасна гэж байх боломгүй юм. Бидний хувьд дотроо өөрчлөлт шинэчлэл хийх ёстой байх, тэгж байж үзэгчдийнхээ тоог ахиулж зурагтын хөтөлбөрт байнга ордог спортын төрөл хэвээр байлгаж чадна. Манай улсад бөхийн спорт танайх шиг өргөн дэлгэрээгүй, танай холбоог японы мэргэжлийн сумогийн Их аварга хүн удирдахаар болсон байна, удирдлагынх нь Д.Сумьяабазар аварга парламентийн гишүүн болсон байна. Танай бөхийн холбооны ажил улам өөдрөг болж бөхчүүдийнх нь амжилт улам дээшлэх байх, үүнийг Та бүхэнд хүсье.
Сэтгэгдэл ( 0 )