Боксын нэгдүгээр шигшээ багийн тамирчид Албанийн Шкодра хотод зохиогдсон “Мемориал Влажния-2011”, Польшийн Варшав хотод болсон Феликс Штаммын нэрэмжит тэмцээн, Сербийн “Belgrade Winner-2011” тэмцээнүүдээс ганзага дүүрэн ирлээ. Шигшээгийн нэгдүгээр хэсэгт олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй найман тамирчин багтсан. Хоёр алт, долоон мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар тэд Европын цувралыг ийн өндөрлүүлж байна. Дэлхийн аварга П.Сэрдамба нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, У.Мөнх-Эрдэнэ нэг алт, хоёр мөнгө, Б.Жавхлан хоёр мөнгө, нэг хүрэл, Г.Ариунболд нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Сүүлийн тэмцээн болох “Belgrade Winner-2011”-д Казахстан, Узбекстан, Энэтхэг, Унгар, Болгар, Герман, Алжир, Македони, Шотланд, Катар, Босни, Молдав, Монголын 100 гаруй боксчид оролцжээ. Тэмцээний 52 кг-ын жинд аваргын төлөө П.Сэрдамба Сербийн боксчин Ванжа Бачичийг 17:6 харьцаатай буулган авсан бол, 64 кг-ын жинд У.Мөнх-Эрдэнэ Унгарын тамирчин Кейт Гьюлаг 15:9 харьцаагаар илт давуу байдлаар ялж аваргын алтан медалийн эзэн болсон байна. Харин 60 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ Б.Жавхлан аваргын төлөөх тоглолтод Шотландын тамирчин Жош Тейлорт 11:9 харьцаагаар ялагдаж, мөнгөн медаль хүртжээ. Тэмцээнд оролцсон манай бусад тамирчдын хувьд 56 кг-т дөрөвний нэг шигшээд Э.Идэрхүү Болгарын тамирчинд, 69 кг-д Ж.Отгонжаргал Сербийн боксчинд, 75 кг-д Т.Чулуунтөмөр Унгарын тамирчинд, 81 кг-д С.Эрдэнэбаяр Укбекстаны тамирчинд, +91 кг-ын жинд Д.Идэрбат Энэтхэгийн тамирчинд тус тус ялагдсанаар тэмцээнээ дуусгав. Европын цуврал тэмцээнээ амжилттай оролцсон Боксын нэгдүгээр шигшээгийнхэн дөрөвдүгээр сарын 28-нд эх орондоо ирэх юм байна.
Б.Эрдэнэ. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )