Майами цувралын харьцааг 1:1 болголоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

NBA-гийн аваргын хоёр дахь тоглолтод “Майами Хит” өрсөлдөгчөө  103:84-ийн харьцаатай хожиж, цувралыг тэнцүүлж чадлаа. Эхний тоглолтод Леброн Жэймс 18 оноо, 18 удаа самбараас бөмбөг авч, 10 оновчтой дамжуулалт өгсөн ч “Майами Хит” талбайдаа “Сан Антонио Сперс”-т хожигдсон. Харин өнөөдрийн тоглолтод ЛеБрон довтолгоонд цөөн оролцож, бусад тоглогчиддоо довтлох боломжийг нээж өгч байсан нь оновчтой боллоо.

Тоглолтын эхний хагасыг 50:45-ын харьцаатай “Майами”-гийн Их гурвалын бага зэргийн давамгайллаар өндөрлөсөн. Харин сүүлийн хагас “Майами Хит”-ийн хамгаалалт сайн байж, Марио Чалмерс болон сэлгээнээс Крис Андэрсон, Рэй Аллэн нар олон оноо авсан нь хожих боломжийг бүрдүүлсэн юм.

Талбайн эзэн “Майами Хит”-ээс Марио Чалмерс 19 оноо, “Хаан” Жэймс 17 оноо, найман удаа самбараас бөмбөг авч, долоон оновчтой дамжуулалт өгснөөр багаа тэргүүлсэн байна. Мөн “Майами”-гийн багийн ахлагч Дуэйн Уэйд 10 оноо авсан. Энэхүү 10 оноогоо эхний хагаст авч, шийдвэрлэх гурав, дөрөвдүгээр үед оноо аваагүй юм. Уэйдийн энэхүү муу тоглолтыг түүний бага зэргийн бэртэл нь холбон тайлбарлаж байгаа юм. Плей-оффын тоглолтуудад муу амжилт үзүүлж буй Крис Бош өнөөдөр 12 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч дабль дабль гүйцэтгэжээ.

Цувралын гуравдахь тоглолт зургаадугаар сарын 12-нд өглөөний 09:00 цагаас “Сан Антонио Сперс” багийн талбайд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top