Ирэх сарын 6-17-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо Дэлхийн оюутны спортын зуны 27 дугаар Универсиад наадам зохиогдох гэж байгаа билээ. Уг наадамд оролцох баг тамирчид, төлөөлөгчдийн байрлах “Тамирчдын тосгон” өнөөдөр албан ёсоор нээгдэх гэж байна. 53 га газарт баригдсан уг тосгонд наадмын үеэр нэг дор 13 мянга гаруй төлөөлөгчдийг нэгэн зэрэг байрлуулах боломжтой юм. Тосгон дотроо хоёр үндсэн хэсэгтэй, олон улсын төв ба амьдрах байруудын хэсэг гэж хуваагдана. Мөн байрууд нь гурван үндсэн хэсэгт цуваа байдлаар оршиж, 4-13 давхар барилгуудтай 28 байшингаас бүрдэж байгаа юм. Монгол улсаа төлөөлөн уг наадамд спортын 15 төрөлд 202 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор болсон бөгөөд энэ удаагийн Универсиад наадамд хамгийн олон спортын төрөлд, хамгийн олон тооны тамирчдаа илгээж байгаа юм. Тамирчдын бүрэлдэхүүнд Лондоны олимпийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт, Лондон-2012 олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэг нарын зэрэг шилдэг тамирчид багтсан юм. Монголын оюутны баг тамирчид чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо, самбо, бүст барилдаан, шатар зэрэг долоон спортын төрөлд медальт байрын төлөө хүчээ үзэх бололцоотой гэж тооцож байна. Энэхүү наадмаас алтан медаль түүний дотор 5-7 медаль хүртэх томоохон зорилтыг МОСХ-ноос мөн дэвшүүлжээ. Монголын оюутан тамирчид Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадмаас зургаан алтан медаль, долоон мөнгө, зургаан хүрэл медаль нийтдээ 19 медаль хүртэж байсан түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )