Бөхчүүд хаагуур бэлтгэлээ базааж байна вэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Монгол наадам хоног хоногоор ойртох энэ мөчид бөхчүүд хаагуур бэлтгэлд гарч байгааг хүргэж байна. Бөхчүүд маань “Битүү цагаан хэл ам хүрчихнэ” гээд торойх тодрох хүчтэнүүдээ нэрлэх тийм ч дуртай байдаггүй. Өдийд өнгө зүс нь жавхаажиж, бие хүч чавхарч, мэндлэх хүндлэл нь хүртэл өөр болоод эхэлчихсэн байгаа.  Ирэх ням гарагт наадмын өнгийг сорилго барилдаанаасаа харахаар зэхэн суух энэ цагт улсын наадамд дээгүүр барилдах, цол хүртэх, чимэг нэмэх бөхчүүдээс гадна аймгийн шинэ цолтнууд ч ах нартайгаа чамбайхан бэлтгэлээ базааж буй. Аймгууд баяр наадмаа 9,10,11-ний өдрүүдэд хийх тов гараад байгаа. Харин бүсийн даншигтай (ойтой) дөрвөн аймаг долоон сарын сүүлээр наадна.

Энэ жилийн томоохон гал Батлан хамгаалах яамны харьяа "Найман шарга" гүүн саамны амралтад гарсан. Газар газрын 80 гаруй хүчтэн хаяа нийлэн буужээ. Өнгөрсөн жил Ганбаа арслан ахалж байсан бол энэ жил Архангайнхан зонхилж, Өсөхөө аварга ахалж байна. Усан луу жилийн төрийн наадмын үзүүр бөх Дамбийн Рагчаагаас эхлээд, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Т.Мөнгөнцоож, цолоо ахиулж мэдэхүйц сайн байгаа Баатарын Амарзаяа начин, Рэнцэнбямбын Пүрэвдагва,  аймгийн арслан М.Бат-Отгон, Ц.Нямдорж, Л.Шинэбаатар, Н.Адьяабат сумын шилдэг заан Л.Отгонбаатар Ц.Отгонбат нар байгаа. Хотонтын Лхамсүрэнгийн Жамбал саявтархан нутгийхан дээрээ ирж нэгджээ. Яг Алдар спорт хорооны бөхчүүдийг улсын начин Ш.Зоригт ахалж, аймгийн начин Н.Мустафа тэргүүтэй залуучууд байгаа юм. Өмнөговийн Б.Сумьяа, Ц.Одбаяр, а.а Ш.Дарханбат энэ галын бүрэлдэхүүнд багтаж байна. Говь-Алтай аймгийн Шарга сумын бөхчүүдийг (Соёмбо спорт хорооны голдуу) аймгийн заан Базаррагчаагийн Отгонбаатар, аймгийн заан Амарсайханы Алтанбагана нар ахалж 16 хүчтэн гараад байгаа. Энд Өвөрхангайн Ц.Бээжин, аймгийн начин Ч.Золбоо, уран барилдаант сумын заан Ц.Эрхэмбаяр нар бэлтгэлээ базааж байна.

Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй харцага нутгийн хэдэн залуутай хаяа бараадан байгаа. Сэлэнгийнхэн энэ жил гурав хуваагджээ. Найман шаргад аймгийн арслан Б.Уугандаваа, сумын заан Х.Жанболат, С.Оргилбаатар, Д.Төрболд нар бэлтгэлээ базааж байна. Харин Г.Эрхэмбаяр арслан Сүлд спорт хорооны бөхчүүдтэй Төр хурахад, Н.Бүрэнбаатар начин Бугын САА-д Хилчинийхээ бөхчүүдтэй тус тус гараад байна. Сонирхуулахад энэ галынхан өдөр бүр сумын заануудын барилдаан хийж Архангайн хоёр Отгоо гоц байгаа гэнэ.

Сүүж ууланд энэ жил таван аймгийн зуу гаруй хүчтэн гарчээ. Хөвсгөл аймгийн хүчитнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ Х.Мөнхбаатар арслан тэргүүлж, Ц.Содномдорж харцага, Б.Баянмөнх, М.Эрдэнэбат, А.Батмөнх начингууд, шилдэг аймгийн цолтнууд Чи.Батчулуун, Г.Батпүрэв, Г.Батням, Ц.Сандагдорж, Б.Даваа-Очир гээд аймгийн цолонд зүтгэх залуус ч бүгд цуглажээ. Харин Завханы галд улсын гарьд М.Баяржавхлан, улсын өсөх идэр начин Ц.Сумъяабээс нар хараахан гараагүй байна. Ш.Жаргалсайхан, Ж.Оргил, Б.Гончигдамба нарын өсөх идэрүүд галаа ахалж, Л.Нямсүрэн, Л.Лха-Очир, Б.Ганбаатар, Б.Чимэдвандан, Ш.Пүрэвгарьд, Ё.Улсболд, Д.Дэмиддорж, Т.Бэгзсүрэн, Д.Батхүрэл,  Нөмрөгийн Д.Бат-Эрдэнэ нарын шилдэг сумын заанууд бүгд Сүүж ууланд гараад байгаа юм. Ховд аймгийн галд томчуудаас Чогсомын Батзориг заан алга, залуусаас Зэрэгийн Б.Бат-Өлзий алга бусад нь бараг байх шиг байв. Чадраабалын Бямбадорж, Цэдэвийн Мягмарсүрэн нарын багш шавь хоёр заан ахалсан энэ галд улсын начин Н.Батзаяа, Б.Пүрэвсайхан, О.Хангай, Б.Тайван, Өлгийн Б.Баатарцол, Б.Төмөрбаатар, Б.Сундуй зэрэг хүчитнүүд байна.

А.Цацабшир харцагын ахалж байгаа галд Б.Батбаяр, С.Дорждагва, Хатансайхан начны хүү Лувсанжамц, Г.Ширчинбат нарын Дорноговийн залуус бэлтгэл хийж байв. Удахгүй Дундговийн Б.Чинзориг начин Сүүжид ирж бэлтгэлээ хийх юм байна.

Сүүжийн хамгийн холимог бүрэлдэхүүнтэй нь Б.Адъяахүү начны ахалж байгаа гал. Хэнтийн а.а Э.Оюунболд, а.н Д.Аззаяа, Жаргалтхааны Шаравдоржийн Отгонтөгс, Батноровын Энхжаргалын Дарханбат гэж сайн залуус бий. Сүхбаатар аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар багш дээрээ байгаа бол Баян-Өлгийн М.Эркебулан, У.Береке нар мөн хамт бэлтгэлд гарчээ. Дундговийн Э.Даш, Өмнөговийн Э.Нямаа, Увсын Т.Баасанжав, Ховдын Б.Сосорбарам, Архангайн С.Түвшинжаргал гээд нутаг нутгийн залуус энд багш дээрээ бэлтгэл базааж байна. Хэдий энд Ховд аймгийн гал цуг гарч байгаа ч Б.Пүрэвсайхан, Б.Тайван гээд өөрийн шавь нарын зонхилох бэлтгэлийн чиглэлийг Бүдээбазарын Адъяахүү өгдөг бололтой. Мөн энэ наадмын өсвөрт зэхэж байгаа Говь-Алтайн Төгрөгийн Д.Эрдэнэтулга гэж сайн хүү байна лээ.

Төрийн их баяр наадмыг гурван жил дараалан аваад байгаа Увс нутгийн алдартнууд уламжлал ёсоор Харзтайд гарч байгаа. Улсын наадмыг авч, улсын нэгээр тогтохгүй цолтон төрүүлэхээр Увс нутгийнхан бэлдэж байж таараа. С.Мөнхбат аварга, Б.Ганбат арслан, П.Бүрэнтөгс, Ө.Бат-Орших гээд дээгүүр давааны шилдэгүүд, Бадрахын Ганзориг, Намсрайжавын Батсуурь, Төрөөгийн Баасанхүү гэж гурван шилдэг аймгийн цолтноо улсын цолны тааварт оруулж байна. Мэдээж Цэдэндоржийн Мөнхбаяр, Лхамаагийн Балдорж, Хүрэлбаатарын Оргилболд гээд Тэсийн тачигнасан залуус нэгээр тогтохгүй аймгийн наадмыг авч мэдэх л юм. Увс аймгийнхаас сүүлийн жилүүдэд аймагтаа нэг, өөр аймгаас бас нэг арслан төрөх болсон.

Говь-Алтайнхан Мандал амралтдаа хоёр гарьдаараа ахлуулан гарч байна. Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Соронзонболд, Ду.Батбаяр, Ш.Тогтохбаяр гээд Алтайн залуус бүгд бий. Лувсандоржийн Цэрэнтогтох, Балжиннямын Суманчулуун нарыг энэ аймгаас цолны тааварт олон хүн оруулж байна. Үзүүлсэн амжилтаар ч хоёр арслан дөнгүүр байгаа. Харин Ду.Батбаяр начинг олон жил хүлээлээ дээшээ явна гэж хэлэх хүн байхад, урд жилүүдийн бүтэлгүйтлийг сануулах хүн ч байна. Монгол наадмын дэвжээний хүчтэй өрсөлдөгчид зүй ёсоор нэрлэгдэж байгаа Алтайчуудаас улсын наадмын шөвөг хэд хэд байгаа биз ээ.

Төр хурахын САА-д Сүлдийн бөхчүүд гарсан. Г.Эрхэмбаяр арсланг дагаж аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, аймгийн заан Б.Эрдэнэбаяр, С.Мэндхүү, Н.Ширчинхүү нар гараад байна.  Г.Элбэг харцага өөрийн шавь нар болох аймгийн начин Б.Ундрал нарын залуусыг ахалж байгаа. Эрхэм арслан, Элбэг харцага хоёртой цуг Дорнодын Ж.Гансүх начин нутгийн бөхчүүдээ дагуулан Төр хурахыг бараадан гарчээ.

Булганхангайн бөхчүүд зургадугаар сарын эхээр Дарханы замд орших Дугана хадны "Ар Монгол тревэл"  компанийн амралтад гараад байгаа. Доёо гарьдын ахалсан галд Булганы сайчууд бүгд байгаагийн дээр улсын арслан Д.Азжаргал аавын нутаг татаж хамт гарчээ. 2008 оны Бээжингийн олимпийн аварга Найдангийн Түвшинбаярыг энэ галд гарсан гэсэн яриа дуулдаж байсан. Олимпийн аварга, А.Отгонбаатар, Аваргуудын барилдаанаар Жамьяан аваргын шагнал хүртсэн Гурванбулагийн Б.Бат-Эрдэнэ гээд улсын цолонд яригдах хүчит арслангууд анхдагчдийн өлгий нутгийн галд бий. Мөн аймгийнхаа наадмыг авчихаар Дамдинсүрэнгийн Пүрэвдорж харцага тэргүүтэй сайн залуучууд олон. Сумын шилдэг заан Бат-Очирын Гончигтавхай Азаа арсланг дагаж энд гарчээ.

Дарханы Батмөнхийн Сүхбаатар арслан, Даваасүрэнгийн Батбаяр, Агваандандарын Амараа (Сэлэнгэ Сайхан), Гонгорын Дамдинхүү Сүхбаатарын Ерөөлт тэргүүтэй хүчтэнүүд Төмөрлөгийн үйлдвэрийн амралтад энэ сарын эхээр гарцгаасан байна. Эртхэн гарсан энэ галд шилдэг сумын заан Жигжидсүрэнгийн Бадрал бэлтгэлээ базааж байгаа. Цайдам ургацын С.Очирбат, Хадаа аваргын хүү Мягмарсүрэн, Их шавийн Н.Эрдэнэчулуун, Хушаатын Чинбат, Жаргалзаяа нар ч энд байна.

Дундговийн гал А.Сүхбат аваргын Ээлтханд гарч Лхагвасүрэнгийн Пүрэвжав харцага, хурц арслан А.Алтанхуяг тэргүүтэн бэлтгэлээ базааж байгаа.

Өнгөрсөн жил гурав хуваагдан гарч байсан Өвөрхангайнхан энэ жил нэгдсэн гал гаргаад байгаа гэнэ. Үеийн үед хүчит бөх тасраагүй Өврийн хангай өнгөрсөн жил Нарийнтээлийн голдуу Д.Цэрэнтогтох аваргын гал, Бугын САА-д Д.Дашжамц  начин ахалсан Хилчиний гал, Б.Ганбаатар арслангийн ахалсан Алдарын галд мөн нэлээд залуус нь багтаж байв. Харин энэ жил Бугын САА-д нэгдэж нэгэн хүчирхэг галыг төвлөрүүлээд байна. Доржпаламын Ганхуяг, Төмөрбаатарын Санчир, Болдпүрэвийн Сугаржаргал гээл үлэмж биетнүүдийн өлгий нутгийханд Даваадоржийн Болдбаатар, Батсүхийн Батдорж гээд сайн аймгийн цолтнууд мундахгүй. Сумын заан М.Даваасүрэн, Г.Цэнддорж, Ж.Бямбадоньд нар ч аймагтаа цол ахиулахаар бэлдэн байгаа биз. Наранцэцэгийн Бүрэнбаатар энд Сэлэнгэ аймгийн гурав дахь тасарсан гал буюу цэргийн заан Э.Тулга, сумын заан Э.Батмагнай нартай гарчээ.

Тэдэнтэй айлсаж Баянхонгорынхон байгаа. Нармoн амралтад бэлтгэлээ базааж байгаа Их богдынхонд Болдын Эрдэнэхүү гэж гол хөзөр бий дээ. Д.Батболд харцага ахалж Ж.Чулуунбат, Б.Бат-Орших, Д.Батбаяр, Д.Энхбат нар бүгд энд гарчээ. Сумын шилдэг заан Н.Золбоо, Г.Жамбалдорж нар ч бэлтгэлээ чамбайруулж байна.

www.hiimori.mn О.Наранбаатар


Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.131.235.66) 2013 оны 07 сарын 02

ene jil sodnomdorj turuulj burentugs uzuurlene mniii taavar unen ta buhen nadad draa ni bayr hurgeerei 3jiliin naademiin turuug taasan hun nadaas uur bhguil bolovuudaaa

0  |  0
32(202.131.233.18) 2013 оны 07 сарын 01

Ene jil uvsiinhan turuulne

0  |  0
Top