Дэлхийн оюутны универсиадын багц мэдээг хүргэж байна.
Ширээний теннисний эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд “Б” хэсэгт багтсан Монголын тамирчид Украины болон БНСУ-ын шигшээд 3:0-ээр хожигдлоо. Тэгвэл эрчүүдийн G хэсэгт монголчууд Хонконгт мөн хожигдлоо.
Баттулгын Ачитбилэгийн Стамбулын зургаас...
200 м-т улсын рекорд шинэчиллээ
Б.Ачитбилэг 200 метрт улсын дээд амжилтыг 21.58 амжилтаар шинэчлэн тогтоолоо. Тэрбээр 2001 онд Осакад 21.82 үзүүлэлтээр Ц.Одонбаярын тогтоосон дээд амжилтыг эвдэж байлаа. Ийнхүү тэр ойрын зайд хоёуланд нь Монголын рекордын цагийг түлхлээ.Ч.Шинэцэцэг өнөөдөр 5000 м-т уралдана.
Долоон Универсиадад штаб ахалсан эмэгтэй
“Казань-2013” Универсиадад Монголын багийн штабыг ахлан ажиллаж байгаа ҮШБ-ийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа оюутны долоо дахь “олимп”-тоо дээрх хариуцлагатай үүргийг хүлээсэн юм. Энэ утгаараа эмэгтэйчүүдийн дунд нэгэн дээд амжилт тогтоосон гэж хэлж болно. Баг тамирчидтайгаа холбоотой бүх л асуудлыг шийдвэрлэн, үүрээс үдэш хүртэл цаг наргүй ажиллаж байгаа тэрбээр МОСХ-ны гүйцэтгэх захирлын алба хашдаг билээ.
Монголын таван шүүгч ажиллаж байна
Оюутны XXVII Универсиадад Монголоос таван шүүгч ажиллаж байна. Чөлөөт бөхийн төрөлд Ц.Сэрээтэр, ширээний теннисний тэмцээнийг Э.Мөнхбилэг, жүдогийнхыг Д.Энхтүвшин, сагсан бөмбөгийн тэмцээнийг Б.Ганзориг, шатрын төрлийг Г.Оюунчимэг нар шүүх урилга авсан. Д.Энхтүвшингийн хувьд тав дахь Универсиаддаа ажиллаж байгаа нь энэ.
Б.Оргилсайхан үүргээ биелүүлэв
Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 69 кг-д залуу туйванч Б.Оргилсайхан өнөөдөр “Б” хэсэгт өрсөлдлөө. Тэрбээр огцом болон түлхэлттэй өргөлтийн нийлбэрээр 250 кг-ын ард гарснаар хэсэгтээ гуравдугаар байр эзэлж, спортын мастерын болзол хангасан байна. 2008 оноос хойш хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн дундаас спортын мастер төрөөгүй билээ.
Мэдээг Б.Өлзийтогтох Казаниас илгээв.
Сэтгэгдэл ( 2 )
Bayr hurgie mongol hun budgiin chadna
mongol sprinter... goy haragdaj bna shuu...