Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын түүхт 92 жилийн ойн их баяр наадамд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны бөх, улсын аварга Г.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Та Монгол Улсын 21 дэх аварга болж наадамчин олноо ихэд баярлууллаа. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж надад төрж байна. Би энэ бэлгэ дэмбэрэлтэй ойн жил аварга болж байгаад баяртай байна. Үндэсний бөхийн спортод олон жил, үнэн сэтгэлээс уйгагүй зүтгэснийхээ гавьяаг хоёронтоо хүртлээ. Аварга хэмээх энэ оргил амжилтад хүрэх нэг хэрэг. Харин энэ цолыг хамгаалж барилдах нь юу юунаас чухал гэдгийг би ард түмний харцнаас олж харлаа. Би хичээх болно. Намайг дэмжиж байсан бүх хүнд дахин дахин талархаж байна. Та бүхний минь залбирал Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээг аргадаж, надад хүч өгсөн юм.
-Хоёр жилийн өмнө та их ойн баяр наадмаар ес даван үзүүрлэж, Сэлэнгэчүүдийн 78 жил хүлээсэн хүлээлтийг тайлсан. Тэгш тоогоор төгссөн жилийн наадамд та үргэлж ийм өнгөтэй байдаг уу?
-Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Ардын хувьсгалын 92, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 82 жилийн тэгш тоо давхацсан баяр наадмаар түрүүллээ. Би чинь тэгш тоогоор төгссөн жилд цол авч, авсан цолоо мөн л энэ мөчлөгт ахиулсан байх юм. Сонин байгаа биз. Хоёрын тоо надад аз авчирдаг байж ч мэдэх юм.
-Та учраа бүрийг төвөггүйхэн буулгаж байгаа харагдсан. Бэлтгэл нь сайхан таарч дээ. Наадмын бэлтгэлийг хаана базаасан бэ?
-Барилдааны бэлтгэл сайхан таарсан. Би жил жилийн наадмын бэлтгэлээ “Түр хурах”-ын аманд хийдэг. Энэ хайрхан надад өгөөжөө олон хайрласан.
-Тэгвэл энэ наадмын хамгийн хэцүү учраа, тал таараагүй бөхийг нэрлээч?
-Тэр энэ нь гэж хэлэх арга алга. Надтай таарч барилдсан учраа бүр хүчтэй байсан. Тухайлбал дөрвийн даваанд надтай таарч барилдсан Баянхонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүү тун эвгүй байлаа. Түүнтэй тал таарахгүйгээс барилдааны эхэн үед нэлээн тэвдсэн. Харин тавын даваанаас хойш сандрах нь багассан. Учир нь тавын даваанаас хойш амлаад барилдчихдаг болохоор амлуулах бөхийнхөө сул талд зориулан наадмын бэлтгэлээ хангасан болоод тэр. Их шөвөгт үлдсэн бөхчүүдийн ихэнх нь надтай өмнө нь таарч барилдсан. Энэ нь надад нөлөөлсөн юм болов уу.
-Түрүү, үзүүрийн барилдаанд гарахын өмнө Б.Гончигдамбатай хэрхэн барилдах тухайгаа бодож байв уу?
-Би өнгөрсөн барилдааныхаа даваа унаанд найдаж дэвжээнд гардаггүй. Би дэвжээнд гарахын өмнө ингэнэ тэгнэ хэмээн ер боддоггүй юм. Тухайн үеийн барилдаанд учраа бөх маань ямар тактиктай байгаа, аль хэр бэлтгэлтэй байгаагаас барилдаан ерөнхийдөө өрнөдөг.
-Та “Чингэлтэй хайрхан”, наадмын сорилго гээд томд тооцогдох барилдаануудад зодоглоогүй. Ямар нэг бодсон санасан зүйл байв уу?
-Би заалны барилдаанд зодоглоогүй ч бэлтгэлээ хийсээр л байсан.
-Өнгөрсөн Сар шинийн барилдаанд төвөггүй найм давж түрүүлсэн таныг энэ жил аварга болно хэмээн олон хүн бөхийн тааварт нэр дэвшүүлж байсан?
-Монголчууд Сар шинийн барилдаанд түрүүлсэн бөхийг наадмаар сайн барилддаг хэмээн ярьцгаадаг. Би үүнийг баталж аварга боллоо. Баяртай байна.
-Бөхтэй хэрхэн холбогдсон тухайгаа бидэнд ярихгүй юу?
-Манай удамд Даншгийн босоо Шагдар, улсын заан Ц.Баярсайхан гээд бөхчүүд байдаг. Намайг өдий зэрэгтэй сайн барилдахад удам нөлөөлсөн биз. Миний аав намайг дунд сургуулийн хүүхэд байхад улсын арслан У.Мижиддоржийн гарт хөтөлж оруулсан. Яг энэ цаг үеэс би бөхтэй илүү ойр нөхөрлөсөн гэж боддог. Үүнээс өмнө үе тэнгийн найз нартайгаа дээл хувцсаа тасдуулан байж ноцолддог байлаа. У.Мижиддорж багшийн бөхийн дугуйланд суралцаж байсан хүүхдүүд ганцхан жилийн дотор нүдэнд өртөх хэмжээнд хувирсан гэж ярих хүнтэй олон таарсан. Харамсалтай нь багш маань Улаанбаатар руу нүүж дугуйлангийн хүүхдүүд олон хуваагдаж цаашдаа хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж үүдээ барихад хүрсэн юм. Би ч бас бөхийн спортоос хөндийрч зургаан жил форум алдсан.
-Хэрэв тухайн үед дугуйлан хаалгаа бариагүй бол гэх бодол төрж байв уу?
-Хэрэв бид чөлөөтөөрөө хичээллэж байсан бол олон тэмцээнээс медаль хүртэх байсан байх. Гэхдээ энэ зам миний аварга болох үүдийг нээж дээ гэх бодол өөрийн эрхгүй төрж байна.
-Та яаж яваад бөхтэй эргэн холбогдох болов?
-Намайг аравдугаар анги төгсөх жил Мандал сумын овооны тахилга наадам болж байсан юм. Энэ наадамд Эрхмээ чи барилдана шүү гээд манай гэрийнхэн хэлдэг байгаа. Би зургаан жил бөхөөс хөндийрсөн болохоор барилдана гэхээр нэг л сонин санагдаж байлаа. Нэгэнт миний нэрийг өгчихсөн болохоор барилдахгүй өнгөрч болохгүй учир зодог шуудаг өмсөн гараад хийчив. Аав, ээжийнхээ ятгалгаар барилдлаа даа хэмээтэл төвөггүй хоёр давчихсан шүү /инээв/. Харин гурвын даваанд сумын заанд амлуулж унасан. Энэ барилдааныг үзсэн миний аав намайг сайн бөх болно гэж харсан байх. Тэр жилийн намар аав намайг Улаанбаатар руу дагуулж ирэв. Тэгээд нэг их том биетэй хүн миний бөхийн багш болох нь одоогийн улсын харцага Г.Элбэг байсан юм. Яг энэ үеэс л аваргын анхны гараа эхэлсэн гэхэд буруудахгүй биз.
-Та улсын начин цол хүртдэг жилээ харцага цолны даваанд тун хариуцлагагүй барилдаж унасан. Тэр барилдаан санаанаас ер гардаггүй юм. Хэрэв тухайн үед Б.Батбаатар харцагыг хаясан бол өдийд ямар ч цолтой байх бол гэсэн бодол төрдөг үү?
-Шинэ цол хүртсэн бөхийн салхи гэж тэр. Улсын цол хүртээд их баярлаж, яарч байснаас л үүдэлтэй алдаа. Тухайн үед цолоо ахиулах гэж яарсан миний алдаа харцага цолоо Б.Батбаатарт алдахад хүргэсэн юм. Би тэр барилдааны бичлэгийг дахин дахин харж их ухаарлыг олж авсан. Хэрэв тухайн үед харцага болсон бол гэж ер бодож байгаагүй юм байна. Тэрхүү гоомой барилдаанаас Эрхэмбаяр хашир суусан хэрэг. Тэгэхээр би буруу зүйл хийгээгүй ч юм шиг.
-Та анхныхаа цолыг сумын наадмаас эхлүүлсэн үү?
-Би сумынхаа Түнхэл тосгоны баяр наадамд түрүүлж сумын заан болсон. Харин 2001 онд Г.Элбэг багшийгаа дагаж Хөвсгөл аймгийн 70 жилийн ойн баяр наадамд зодоглосон. Энэ наадмын зургаагийн даваанд улсын начин Б.Бадралыг өвдөглүүлж аймгийн начин цолтой болсон. Энэ цолтойгоо төрийн наадамд хоёр жил барилдсан боловч доогуур даваанд унасан.
-Аймгийн арслан болох гэж яарахгүй байсан хэрэг үү?
-Үгүй. Би харин 2002 оны наадамд начин болох гэж их яарсан. Түүнээс өөр цолонд шунасан үе надад байхгүй.
-Яагаад тэр вэ?
-Учир нь тэр жил миний аавын бие тааруу байсан болохоор улсын цол авч аавыгаа баярлуулъя гэж л бодоод тэр. Аав минь намайг бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүн. Тиймээс аавыгаа амьд сэрүүнд нь улсын цол авч ачийг нь хариулъя гэж бодоод.
-Ингэхэд аварга маань шинэ цолныхоо найрыг хэзээ хийх гэж байна вэ?
-Одоогоор шийдсэн зүйл алга даа. Өдрийн сайныг харж байгаад нутагтаа хийх бодолтой байна.
-Та одоогоос найман жилийн өмнө нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа улсын заан болохыг мөрөөддөг хэмээн ярьж байсан. Тэр мөрөөдөл биелж та аварга боллоо. Тэгвэл шинэхэн аваргын цаашдын мөрөөдлийг сонирхож болох уу?
-Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Хүн мөрөөдлийнхөө цаадахыг атгаж болохгүй. Эрхэмбаярт заяасан энэ их хувь тохиолыг ноён нуруу, жудаг, сайхан бүхнээр л хариулахыг хичээж байна.
-Та начин цолтой байхдаа үеийн шижгэсэн бөхчүүдтэй мөн ч их тунадаг байж билээ. Одоо тунаанаас гараад амар байна уу?
-Тэгж ярьж болохгүй. Би гэдэг хүн чинь тунасны хүчинд өдий зэрэгтэй яваа юм. Тунах, ам авч барилдах хоёрын хооронд асар их ялгаа байдаг. Жишээ нь би чинь улсын цолны өндөр босгонд олон жил бүдэрсэн. Иймд зарим залуусыг амлахаас халшираад байдаг. Тэглээ гээд өөрт хэцүү бөх амлалтай нь биш. Амлах л болж таарна даа.
-Та Монгол Улсын 21 дэх аварга боллоо. Таны эрэмбэ улсын аварга О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат нарын дээр гарна. Нэг ёсондоо та аваргуудыг амлах эрхтэй гэсэн үг?
-Өнгөрсөн наадмаар би шөвгийн дөрөв, түүний өмнөх жилд үзүүрлэж арслан болсон. Тиймээс миний эрэмбэ дээшлэх байх аа. Харин аварга цолтой бөхийг амлах гэдэг арай л өөр хэрэг. Аварга цолтой бөхийг амлана гэхээр санаанд нэг л бууж өгөхгүй байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.
-Баярлалаа.
Эх сурвалж: zuuniimedee.mn
Д.ЖАВХЛАН
Сэтгэгдэл ( 8 )
erembeeree sumya avargiin deer arai ch garahgvi ee odoohondoo
Их хөдөлмөрч хүн юм даа.
Avargad amjilt husie tuluv daruu judagtai sain hun shig sangddagulam sain barildah boltugai.
Hiimori ni gereltej yawag
Nutag maani avragatai bolloo. BAYARLALAA. Tanid az jargal sain saihan bukhniig husie ee
bayr hurgie
dahiad hed hed turuuleh huch tuund bii
Сайхан бөх түрүүлсэнд баяртай байна.Эрхэмбаяр