Энэ жилийн наадмын ”эгэлгүй” амжилтууд

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 17

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам сайхан болж өнгөрлөө.

Жил жилийн наадам сайхан, энэ жил наадам бүр ч сайхан боллоо. Наадмын сонин жилээ даадаг, ирэх жилийн наадам хүртэл ярих хуучтай тийм л сайхан наадам дөрөв хоногийн турш үргэлжилж Хүйн мандалын дэвжээ хурдан хүлгийн туурайн хээгээр тамгалагдлаа. Энэ жилийн улсын их баяр наадамд есөн насны 2000 гаран алтан туурт тоосоо өргөж Өмнөнговьчууд 3 түрүү хүртлээ. Баруун алтай Ховд нутгийнхан 2 түрүү, Говь-Алтай, Булган, Төв  аймагчууд тус бүр 1 түрүү хүртэцгээлээ. Ингээд эрхэм уншигч та бүхэндээ энэ жилийн наадмын "эгэлгүй" амжилтуудаас хүргэе.

1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул МУМУ Дашдэмбэрэлийн улс халзан азарга Монгол төрийн наадамд завсаргүй гурван жил түрүүлж Дархан түмэн эх боллоо. 2011 оны АХ-ын 90 жилийн ойд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ААУ Өлзийхутагийн Шинэтулга өөрийн унаган халзан азаргаа уяж ирээд Ч.Хүсэлзулын нэр дээр уралдуулан түмэн эх болгосон бол тэр жилээ УИХ-ын гишүүн Батсүхийн Наранхүүд очиж Дундговийн 70 жилд айрагдсан. Улмаар Ажнайн Бат-Эрдэнэд очиж өнгөрсөн жил Дүнжингараь айрагдаад улсад хоёр дахиа түрүүлж Даян түмэн эх болсон. Өнөө жил дахин түрүүлж Дархан түмэн эх боллоо. Улс халзан азаргыг сүүлийн хоёр жил Дорнод аймгийн Матад сумын ААУ Бат-Очирын Цэндбаатар уясан. Монгол наадмын түүхэнд завсаргүй гурван жил түрүүлсэн азарга ганцхан /Амгалан төрийн ажнай шарга азарга 2007-2009 оны улсын наадамд гурван жил дараалан түрүүлсэн/ байсан бол ийнхүү хоёр боллоо. Агуу шаргын нэгэн амжилттай зэрэгцсэн Улс халзан азарга ирэх жилийн наадмаар дахин түрүүлж, Монгол наадмын бас нэгэн түүхэн рекордын эзэн болохыг ч үгүйсгэх аргагүй. Алдарт их Шийтэрийн зээрд, Санжаабүрэгийн цавьдар, Маарын хээр, Дамдины хүрэн, Жанчивын хул гээд төрийн наадамд 6-8 удаа түрүүлж айрагдсан ар халхын нэрт хурдан хүлгүүд ч зувсаргүй гурван жил түрүүлээгүй.

2. Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэний хүрэн морь завсаргүй хоёр түрүүлж Даян түмэн эх боллоо. Ингэснээр улсын наадамд завсаргүй хоёр жил дараалан түрүүлсэн ес дахь их насны мориор тодорч байна. Тодруулбал Төв аймгийн Баян сумын нэрт уяач "хөндлөн" хэмээх Дугарсүрэнгийн хар морь 1945, 46 онд, Алдарт Д.Галын хүрэн морь 58,59 онд, Сэрээнямын Банзрагчийн аварга зээрд морь 65, 66 онд, Манлай уяач Г.Сундуйн шарга морь 69, 70 онд, Сэлэнгийн Дүвжирийн хээр морь 76, 77 онд, Д.Түвдэн манлайн алаг морь 81, 82 онд, Алдарт уяач Ц.Ханддоржийн хонгор халзан морь 85, 86 онд, Баруунхараагийн Д.Ганбаатарын халзан морь 99, 2000 онд тус тус завсаргүй түрүүлсэн байдаг. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрдэнэбатын унаган Даян түмний эх хүрэн морь ийнхүү улс, бүсийн наадмын 3 түрүү, 4 айргийн эзэн боллоо. Ирэх жил Дархан түмэн эх болох болтугай.

3. Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн бор морь завсаргүй дөрвөн жил айрагдлаа. Манлай уяач Цоохүүгийн Доржсүрэнгийн хээр морь 1992-1997 оны хооронд завсаргүй таван жил түрүүлж, айрагдсан байдаг. Харин алдарт их Галын хүрэн морь 1956-1959 оны хооронд завсаргүй дөрвөн жил төрийн наадамд жолоо өргүүлсэн байдаг. XXI зуун гарсаар ийм амжилт үзүүлсэн ганцхан адуу нь Бандгайн бор боллоо.

4. Манлай уяач Батчулууны Мөнхтөр төв цэнгэлдэхэд завсаргүй найман жил морь цоллууллаа. 2006 оны Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор таван цагаан хэмээх зээрд халзан даагаа айрагдуулж, хойтон жил нь дахиад айрагдуулсан. 2008 - 2010 онуудад хар бор морио бага гурван насанд нь айрагдуулсан. 2011 оны АХ-ын 90 жилийн ойд хээр буурал үрээгээ айрагдуулсан. Өнгөрсөн жил "Гарьд зам" ХХК-ийн захирал Нямдаваагийн Батбаярын халтар даагыг уяж айрагдуулсан бол өнөө жил Н.Батбаярын бор соёолонг уяж айрагдууллаа.

5. Түүхэнд байхгүй "хасалт" боллоо. Шүдлэнгийн уралдаанд түрүүлж, айрагдсан таван үрээний дөрөв нь эрлийз гэсэн шалтгаанаар хасагдлаа. Урьд өмнө нь хэзээ ч ийм зүйл тохиож байсангүй. Улмаар дөрөвт орсон үрээ нь түрүүлж, 6-ийн үрээ аман хүзүүнд баригдсан бол 8, 9-ийн үрээнүүд айргийн гурав, дөрөвт баригдаж, 11-ийн үрээ тавд баригдлаа.

6. Манлай уяач Дугараа хэмээх Батхүрэлийн Бат-Өлзий 1 түрүү, 5 айраг хүртлээ. Энэ бол гайхам сайхан амжилт. XXI зуун гарсаар улсын наадамд нэг жил ийм олон айраг түрүү хүртсэн уяач бол Бандгай Ганхуяг. Тэрээр 2008 оны улсын наадмаар 1 түрүү, 5 айраг хүртэж байсан бол тэрхүү амжилтыг Дугараа манлай давтлаа. ХХ зуунд бол Д.Даваахүү гуай 1985 оны улсын наадмаас 2 түрүү 8 айраг хүртсэн байдаг.

Их монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жилийн ойн баяр наадам ийм л сайхан болж өнгөрлөө. Сайны хажуугаар саар гэгчээр шүүмжлэх зүйл ч бас байлаа. Энэ талаар хийморь.мн сайт уншигч та бүхэндээ хүргэх болно. Нас насны тойм анализыг мөн хүргэнэ.

HIIMORI.mn Б.Ганпүрэв

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top