Ахмад С.Батцэцэг “Казань-2013”-ын аварга боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн оюутны универсиад их наадмаас МУГТ, Лондонгийн олимпийн хүрэл медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад С.Батцэцэг алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр оюутны олимпоос хоёр алтан медаль аваад байсан Монголын баг тамирчдын амжилтыг шинээр тогтоожээ. Ахмад С.Батцэцэгийн хувьд энэ удаа Литв улсын тамирчин Гидре Блекайтитег 4:0, Азербайжаны Ирина Нетраваг 5:0, Японы Рио Ватариг 5:0-ээр ялж алтан медалийн төлөө барилдах эрхээ гардсан юм. Харин түүний өрсөлдөгч ОХУ-ын тамирчин Мария Люлкова хэсгийн аваргын барилдаандаа гэмтэл авснаа мэдэгдсэнээр “Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад С.Батцэцэг аваргын тавцан дээр зогслоо. Ийнхүү чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд ахмад С.Батцэцэг аваргалснаар манай улсын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, 12 хүрэл медалийн эзэд болцгоон 162 орноос 14 дүгээр байрт ороод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top