Монгол Улс, ХБНГУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх Берлин хотноо Холбооны Гадаад хэргийн яаманд болжээ.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын онцлог нь улс төрийн болон соёл, боловсролын бодлогын зөвлөлдөх уулзалтыг нэгэн зэрэг зохион байгуулсанд болон 2014 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн бэлтгэл ажлыг хангахад чиглэсэнд оршиж байв.
Улс төрийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ТНБД Г.Цогтсайхан, германы талаас Холбооны ГХЯ-ны Ази, Номхон далайн бүсийн асуудал хариуцсан дарга П.Прюгел нар тэргүүллээ.
Мөн энэ үеэр Соёл, боловсролын бодлогын зөвлөлдөх уулзалт болсон бөгөөд монголын талаас БШУЯ-ны ТНБД Ш.Булга-Эрдэнэ, германы талаас Холбооны ГХЯ-ны Соёл, коммуникацийн газрын захирал, Элчин сайд Х.У.Зайдт нар тус тус удирдан явуулав. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад германы тал өндөр ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Улс төрийн бодлогын зөвлөлдөх уулзалтаар хоёр талын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл болон хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны талаар ярилцахаас гадна олон талт хамтын ажиллагаа, бүс нутгийн харилцааны талаар мэдээлэл хийж, санал солилцов.
Соёл, боловсролын бодлогын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг 2014 онд хамтран тэмдэглэх, Монгол, Германы Ашигт малтмал, технологийн хамтарсан дээд сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх, герман дахь монгол судлалыг дэмжин хөгжүүлэх, хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлт хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, Орхоны хөндийн археологийн хамтарсан судалгааны төслийг үргэлжлүүлэх, Монгол дахь герман хэлний сургалтыг өргөжүүлэх болон аялал жуулчлал, кино урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.
Сэтгэгдэл ( 0 )