БНАСАУ-ын Пхеньян хотноо энэ сарын 12-17-нд болсон Хүндийг өргөлтийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Азийн 13 орны 200 гаруй тамирчин оролцсоноос багийн дүнгээр БНАСАУ-ын тамирчид 80 алт, 49 мөнгө, 20 хүрэл медалиар тэргүүлж, БНХАУ, БНСУ-ын тамирчид удааллаа.
Уг тэмцээнд Монгол Улсын тамирчин Батболдын Энхтамир 9 дүгээр сарын 17-ны өдөр болсон эмэгтэйчүүдийн -75 кг жингийн огцом өргөлтийн төрөлд хүрэл, түлхэлттэй өргөлтийн төрөлд мөнгөн медаль авч, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн эзэн болсон юм.
Энэхүү тэмцээн нь 1999 оноос хойш 14 жилийн дараа тус улсад зохион байгуулагдсан анхны томоохон олон улсын арга хэмжээ болсон бөгөөд тэмцээнд Өмнөд Солонгосын тамирчин 1 дүгээр байр эзэлсэн тохиолдолд төрийн дуулал эгшиглүүлж, төрийн далбааг мандуулахыг анх удаагаа зөвшөөрснөөрөө онцлогтой байв.
Ийнхүү Пхеньян хотын Чон Жү Ён биеийн тамирын ордонд Өмнөд Солонгосын төрийн далбаа 18 удаа мандаж, төрийн дуулал эгшиглэсэн нь түүхэнд ховор тохиодол болов.
Сэтгэгдэл ( 0 )