Даян аварга А.Сүхбат усан ихэр байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

75 настай буурлаас авсан Даян аваргын хүрэн ингэ ихэрлэж гэнэ. Ихэр ботго төрсөн даруйд ихэс дээдэстээ дуулгадаг эртний ёсоор аварга нутгийн удирдлага болон Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт цахилгаан илгээсэн ч ажлын ачааллаас болоод өндөрлөгүүд хараахан очиж амжаагүй байгаа аж. Харин сум орон нутгийн удирдлагууд энэ сарын 23-нд цугларч, ихэр ботгоны угаал үйлдэн найрлажээ. Ингэ ихэрлэх нь мал сүрэг өсч өтгөрч, цаг тавирч сайн сайхан болохын бэлгэдэл хэмээдэг өвгөдийн сургаал ёсоор аваргын хамаатнууд найз нөхөд эргэн тойрныхон нь найрыг өдөөж, ирсэн зочдоо алтан аягатай сархдаар дайлжээ. Найрын үеэр аваргын бас нэгэн нууц дэлгэгдсэн нь тэрээр усан ихэр байсан тухай аж. “Би усан ихэр байсан юм гэнэ лээ. Усан ихэр хагарч би жигтэйхэн улаан хүүхэд гарсан учраас ээж маань намайг “Улаанаа” гэж дууддаг болсон юм гэсэн” хэмээн сэтгэл нь хөдөлсөн аварга зочдодоо хуучилжээ. Дашрамд сонирхуулахад, Ховд Монголын хамгийн олон ихэр ботготой аймаг бөгөөд 1982 онд Чандмань, 2008 онд Мянгад суманд ингэ ихэрлэж байжээ. Одоогоор Ховд, Говь-Алтай, Баянхонгоор, Булган аймгууд ихэр ботготой болоод байгаа юм. Түүнчлэн ихэр төлийн холбогдолтой өөр нэгэн сонирхолтой явдал хэдэн хоногийн өмнө болж Төв аймагт ямаа дөрвөн ихэр ишиг гарган тэд нь эрүүл саруул бойжиж байгаа аж.


Эх сурвалж: Тэргүүн сонин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top