Казахстан улсын Жамбул мужийн Тараз хотод, нийгмийн нэрт зүтгэлтэн академич Д.Кунаевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний өдөр 55, 66, 84,120 кг-ын жингийн барилдаан болж 55 кг-ын жинд "Хүч" спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Бэхбаяр алтан медаль хүртжээ. Дагах барилдаанд Европийн аварга, Гүржийн бөх Георгий Эдишерашвилийг ялсан байна. Э.Бэхбаяр нь энэ онд ХБНГУ-ын Дортмунд хотод болсон олон улсын "Гран-При" тэмцээнээс мөн алтан медаль хүртсэн юм. Эхний өдөр 66 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Батмагнай, 84 кг-ын жинд "Аврагч" спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нар дэвжээнд гарсан. Энэхүү тэмцээнд АНУ, Беларусь, Гүрж, Канад, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ, Узбек зэрэг есөн орны бөхчүүд өрсөлдөж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )