Домогт хөлбөмбөгч Мишель Платини энэ сарын 9-нд Монголд зочилно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 01

Францын хөлбөмбөгийн домогт тоглогч, Европийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар энэ сарын 9-нд манай улсад зочлохоор болжээ. Тэрээр манай улсад хувийн онгоцоороо ирэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт "NTV" телевизийн ток шоунд оролцох юм байна.  Мишель Платини бол 1980-аад оны хөлбөмбөгийн ногоон талбайн төвийн хамгийн шилдэг тоглогч байсан. Мишель Платини 1984 онд Францын шигшээ багийг ахлан, Европийн аварга спортын хөлбөмбөгийн оргилдхүргэсэн агуу тамирчин юм. Түүнийг хөлбөмбөгийн бүх цаг үеийн дэлхийн шилдэг найруулагч гэдгээр нь хөлбөмбөгийн хорхойтнууд андахгүй биз ээ.

Мишель Платини Европын хөлбөмбөгийн холбооны /UEFA/ ерөнхийлөгчөөс гадна Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Дэлхийн аваргын цомыг хүртэж чадаагүй ч Платини 14 жил үргэлжилсэн хөлбөмбөгийн замналынхаа туршид үзүүлсэн гайхамшигт тоглолтоороо зүй ёсоор цэнхэр гаригийн шилдгүүдийн тоонд багтсан. Мишель Платини Европын шилдэг хөлбөмбөгчнөөр гурван жил дараалан шалгарч чадсан цорын ганц тоглогч ажээ.

Дэлхийн бүхий л цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг бөгөөд тэрээр клубүүдийн түвшинд 580 тоглолт хийж, 312 гоол оруулжээ. Харин шигшээ багийн төлөө 72 тоглолтод 41 бөмбөг хийсэн байдаг аж. Түүнчлэн 32 настайдаа зодог тайлсан ч Францын шигшээ багийн дасгалжуулж 19 тоглолт дараалан ялагдал хүлээгээгүй нь түүхэн амжилтын эзэн болгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top