Японы "Фүжи" телевизээс шинэ жилээр "Агуу тамирчдын гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" нэртэй нэвтрүүлэг бэлтгэхээр боллоо. Тус нэвтрүүлэгт Монголын хоёр их аварга болох Асашёорюү Дагвадорж, Хакүхо Даваажаргал нар оролцохоор болсон байна. Энэхүү нэвтрүүлэг энэ сарын 30-нд 18.00-23:24 минут хүртэл цацагдах бөгөөд хөтлөгчөөр Японы алдарт "СМАП" хамтлагийн дуучин Шинго Катори сонгогджээ. Тэрээр "Хэрвээ хоёр аварга ялагдахгүй бол бид Асашёорюү Хакүхо хоёрын хоорондын сайхан тулаан үзэх боломжтой. Сүүлийн хэдэн жил энэ хоёрын өрсөлдөөнийг япончууд хараагүй тул үзэгчдийг ихэд татах нь гарцаагүй" хэмээн ярьсан аж. Ёкозүна Хакүхо эхний тойрогтоо "Дэлхийн хамгийн хүчтэй хүн" хэмээн алдаршсан Оросын байлдаан самбогийн Фёдор Емельяненкотой учраа таарсан бол Асашёорюү мэргэжлийн бөхийн аварга Такаяма Ёшихиротой тулалдахаар тов гарчээ. Үүнээс гадна уг нэвтрүүлэгт бейсболын Киёохара Казүхиро, мэргэжлийн бөхийн Сакүраба Казүши, Ямамото Норифүми, боксын Камеда Кооки, жүдогийн Шинохара Шиничи, Америкийн тулаанч Боб Сапп, зэрэг нийт 16 орны спортын 20 төрлийн 32 тамирчин өрсөлдөх юм байна. Харин "Фүжи" телевизийн уг нэвтрүүлгийг сумо сонирхогчид эсэргүүцэж байгаа талаараа захидал илгээжээ. Уг захидалд "Сүмо бөхийг доош хийх гэж байна. Учир нь үндэсний бөхөө дэлхийн алдар цуутай зодоонч, тулаачидтай үзэлцүүлэх нь сумог доромжилсон хэрэг. Ялагдсан тохиолдолд сумогийн нэр хүнд унана. Зодог тайлсан Ёкозүна бол яая гэхэв. Харин ид дэвжээн дээр барилдаж байгаа аварга Хакүхог оролцуулахыг эсэргүүцэж байна" гэж бичжээ. Энэхүү нэвтрүүлэг гарах үдэш бусад телевизээр "Японы дуу хөгжмийн шилдгүүдийг шалгаруулах ёслол", "Эстрадын бүх оддын тоглолт" гаргах тухай хөтөлбөр гарсан бөгөөд дээрх спортын алдартнуудын нэвтрүүлгийг цацсанаар "Фүжи" телевиз үзэгчдийн санал булаах гэсэн оролдлого ч гэж үзэж байгаа хүмүүс байна.
Сэтгэгдэл ( 1 )
deer havar bydaa boloo bizdee asa