Өчигдөр Монголын морин спорт уяачдын холбооноос шагнал гардуулж дууссаны дараа Монголын үндэсний сурын холбоо шилдгүүдээ шалгаруулан шагнал гардууллаа. Энэ онд тус холбооны тамирчдаас улсын хошой мэргэн нэг, гоц мэргэн нэг, спортын мастер зургаа, дэд мастер цолтой харваач 16 төрөн гарчээ. Турк хотноо болсон сурын харвааны олон улсын тэмцээнд багаараа аваргалсан бол БНСУ-д болсон дэлхийн уламжлалт харвааны тэмцээнд багаараа гуравдугаар байр эзэлжээ.
Оны манлай эрэгтэй харваач: Хангарьд клубын харваач улсын хошой мэргэн Л.Отгонбаяр.
Оны манлай эмэгтэй харваач: Монгол Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг.
Шилдэг харваач: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул "Алдар" спорт хорооны тамирчин Б.Батбаатар, Монгол Улсын мэргэн Б.Баярсайхан, Ц.Баасанхүү, Д.Ганбат, хошой мэргэн Д.Эрдэнэтуяа, Ч.Гандаваа
Оны шилдэг ахмад харваач: Спортын дэд мастер П.Гармаа, Улсын мэргэн Д.Цэцэг.
Манлай харваач хүүхэд: Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Э.Төгөлдөр, Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Б.Отгонжаргал
Шилдэг харваач хүүхэд: Өмнөговь аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч П.Энх-Эрдэнэ, Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолборын сурагч Т.Даваацэрэн нар шалгарлаа.
Оны шилдэг дасгалжуулагч: Зуун мэргэн холбооны дасгалжуулагч Л.Сүхбат.
Оны онцлох харваач: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Г.Мөнхсайхан.
Монгол Улсын хошой мэргэн Л.Отгонбаяр: Энэ эрхэм хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Улиаран одож буй могой жил амжилт бүтээлээр арвин жил байлаа. Оны манлай харваач болсондоо сэтгэл өндөр байгаа тул намайг өдий зэрэгтэй амжилт гаргахад тусалж дэмждэг Хангарьд клуб, Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд баярлаж яваагаа хэлье. Өнгөрч буй онд багаараа улсын аварга болсон бол би Улсын хошой мэргэн цол хүртсэн.
Монгол Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг: Юуны өмнө Монголынхоо ард түмэнд удахгүй болох сар шинийн мэндийг хүргэе. 2013 онд төрийн наадамд түрүүлснээр би гурван жил дараалан түрүүлсэн амжилт гаргалаа. Намайг бүх сэтгэлээрээ дэмждэг ард түмэндээ баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )