Сар шинийн барилдааныг үзэхээр шөнөөс эхлэн оочерлож байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 30

Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр “Бөхийн өргөө”-нд болно.

Энэ жилийн цагаан сарын барилдааны тасалбарын үнийн хувьд 20-25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд үзэгчдийн суудлын эхний гурван эгнээний суудал 25 мянга, бусад суудал 20 мянган төгрөг байх ажээ. Сар шинийн барилдааныг үзэх гэсэн иргэд шөнийн 04,00 цагаас эхлэн оочерлож эхэлсэн байна. Харин билет одоо 10,00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаалах юм байна.

Үндэсний бөхийн холбооноос бүртгэлийн талаар тодруулахад “Улсын арслан Д.Азжаргал, заан Т.Санчир, улсын харцага, олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүд бүртгүүлсэн.

Эхний өдөр улсын цолтой 18 бөх бүртгүүлсэн. Улсын аваргууд болон бусад цолтнууд өнөөдөр бүртгүүлэх байх” гэсэн мэдээллийг өглөө.

Сар шинийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэж сонирхох юм байна.

Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан үндэсний бөхийн барилдаан анх 1963 онд “Малчдын баяр” нэрээр гараагаа эхэлж байсан.

Эдүгээ 51 дэх жилдээ золгож буй тус барилдааныг 1991 оноос эхлэн Цагаан сарын шинийн нэгэн буюу сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэртэй болгосон байна.

Тус барилдаанд XX зууны манлай аварга Б.Бат-Эрдэнэ 13, дархан аварга Х.Баянмөнх найм, дархан аварга Ж.Мөнхбат зургаан буюу хамгийн олон удаа түрүү авсан бөхчүүдийг тэргүүлж байгаа.

Мөн улсын харцага Ч.Өвгөнхүү, улсын заан Ч.Санжаадамба, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар (аймгийн арслан цолтойдоо) нар нэг удаа түрүүлж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top