Хаврын тэргүүн сарын шинийн гурванд уламжлал болгон зохиогддог "өндөр бооцоот" уралдаан морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд уламжлал ёсоор болох байсан ч тодорхой шалтгааны улмаас түр хойшлогдсон билээ. Уг нь сунгаа үсэргээнүүд нь аль хэзээний эхэлчихсэн, морьдын уяа сойлго ханах талдаа орчихсон байсан ч ийнхүү хойшлогдсон юм. Улмаар энэ сарын 10-ны өдөр Цагаан хөтөлд болохоор болсон юм. Уг уралдаантай зэрэгцээд Дүнжингаравын сунгаанууд эхэлнэ.
Өндөр бооцоот уралдааны тухайд хамгийн анх 2010 онд гурван сая төгрөгний бооцоотой болж байсан тус уралдаан нь 2011 оноос эхлэн бүртгэлийн хураамжаа 1.5 сая болгосон ба Дүнжингаравын өнгө тольдох томоохон уралдаан болдгийг уяачид, хурдан морь сонирхогчид маань хүлээн зөвшөөрөх биз ээ. Учир нь анхны уралдаанд түрүүлсэн МУАУ П.Мэндбаярын хар морь хойтон жил нь дахин түрүүлж тэр жилээ /2011 онд/ Дүнжингарат түрүүлж, Булганхангай хаврын бүсийн уралдаанд мөн түрүүлсэн. Авзагын хар морины ард ирж аман хүзүүдсэн Манлай уяач Ц.Цэнгэлийн зээрд халзан морь давхар уяагаар Дүнжингаравт айрагдсан. Мөн азарганы уралдаан түрүүлж байсан Тод манлай уяач Г.Батхүүгийн соёмбо зээрд азарга Дүнжингарав болон Нүүрэнтэйн хурдад тус тус аман хүзүүдэж байлаа.
Харин 2012 оны энэхүү уралдаанд түрүүлсэн Галын Баттөмөрийн бор морь давхар уяагаар Дүнжингаравт айрагдаж, аман хүзүүдсэн Цогтын Бат-Энхийн зээрд морь Өмнөговийн бүсэд аман хүзүүдсэн. Өнгөрсөн жилийн уралдаанд Ч.Гансумын хар азарга түрүүлж давхар уяагаар Дүнжингаравт зургаалсан. АХ-ын 92 жилийн ойд аман хүзүүдэж, Их хурдад зургаалсан Х.Улам-Өрнөхийн хар азарга дөрөвт хурдалж байсан. Их насны хувьд Алтанбулагийн Б.Батхүүгийн уяасан Б.Баатарчулууны хул морь түрүүлсэн ба давхар уяагаар Дүнжингарав, Эрдэнэтийн даншигт тус тус айрагдсан гээд энэхүү "Хийморийн уралдаан"-д айрагдаж, түрүүлсэн морьд тэр жилийнхээ бүсийн уралдаанд амжилттай уралддаг "бичигдээгүй хууль" тогтжээ.
Сэтгэгдэл ( 1 )
TSAGAAN HUTUL GEJ HAANA BAIDAG YUM BE