Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд ид бяраа гайхуулан барилдаж буй гадаадын сумочид цөөнгүй. Тэгвэл Японд очиж, сумо барилдах болсноос хойш 10 гаруй жилийг хилийн чанадад үдсэн Токитэнкү А.Хүчитбаатар Япон улсын иргэн болжээ. Түүний хамт Болгарын сумоч, сэкиваки Котоошюү мөн Япон улсын иргэншилтэй болсон байна. Өнгөрсөн 2010 онд япон бүсгүйтэй хуримласан Котоошюү Махлянов гэх болгар овгоо Андо хэмээх эхнэрийнхээ овгоор солихоор шийджээ. Япон улсын иргэн болох гэсэн тэдний хүсэлтэд зөвшөөрсөн хариу хару башёгийн үеэр ирсэн бөгөөд саяхан албан ёсоор шинэ бичиг баримтаа гардан авсан байна.
Сумод барилдаж буй гадаадын бөхчүүдийн хувьд зодог тайлсны дараа өөрийн гэсэн дэвжээтэй болж, ояката болохын тулд зайлшгүй Японы иргэн болох ёстой. Энэ учир шалтгаанаар иргэншлээ сольсон бөхчүүдийн жагсаалтыг ийнхүү Монголын сумоч Токитэнкү А.Хүчитбаатар, Болгарын бөх Котоошюү буюу Калоян Махлянов нар үргэлжлүүлж байна. Өмнө нь Монголын сумочдоос Кёкүтэнхо Н.Цэвэгням иргэншлээ сольж, Япон улсын иргэн болсон билээ.
Дашрамд, зодог тайлсныхаа дараа Сумогийн холбоонд үлдэж, дэвжээний ояката болж ажиллах хүсэлтэй байгаагаа ёкозуна Хакухо, озэки Какурюү, Бразилийн бөх Кайсэй нар хэдийнэ илэрхийлсэн тухай Japan-sumo.ru сайтад мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
БОЛЬЁ ОО