Оросын Барнаул хотын “Родничок” хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд дүн өвлийн хүйтэнд цасан дээгүүр гүйлдэж, хүйтэн ус өөр лүүгээ цацаж, биеэ угаадаг аж. Тэд өдөр бүр өглөөний гимнастикаа хийсний дараа гадаа гүйж гаран, мөстэй хүйтэн усаар биеэ зайлдаг. Хүүхдүүд гадаа 2–3 минут л болдог, дараа нь бүлээн шүршүүрт юмуу эсвэл саунд ордог юм байна.
Уг цэцэрлэг 20 гаруй жилийн турш хүүхдийн биеийг чийрэгжүүлэх тусгай хичээл зааж байгаа бөгөөд хүүхдүүдийг бүр зунаас эхэлж, хүйтэн усанд дасах сургуулилт хийлгэдэг аж..
Цэцэрлэгийн захирал Олеся Осинцева: “Манай цэцэрлэг Орост байдаг цорын ганц нь. Эцэг эхчүүд ч дуртай байдаг. Ийм хичээлийн дараа хүүхэд өвдсөн ганц ч тохиолдол гарч байгаагүй. Харин ч манай хүүхдүүд хөрш орших цэцэрлэгийн хүүхдүүдтэй харьцуулахад өвдөх нь бага. Мэдээж, гадаа агаарын хэм хасах 35 градус болбол чийрэгжүүлэх хичээлийг хийдэггүй. Хасах 30 градуст ч хүүхдүүд цасан дээр явж, хүйтэн ус дээрээс асгадаг. Манайх хүүхдүүдийг бүр зунаас эхэлж, хүйтэн усанд дасах сургуулилт хийлгэдэг. Тэгснээр өвөл гэхэд 3- 6 настай хүүхдүүд маань хүйтэнд нүцгэн гадаа гарах чадвартай болдог” хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )