Тайландын нийслэл Бангкокоос холгүй орших Сиам Поло Хүрээлэнд морин пологийн Азийн цомын тэмцээн болж өндөрлөлөө. Энэ удаагийн Азийн цомын тэмцээнд Индонез, Бруней, Энэтхэг, Солонгос, Хятад, Тайланд, Филипин, Монгол гэсэн нийт найман орны баг 2 хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Монголын полочид Филипин, Энэтхэг, Солонгосын багуудтай нэг хэсэгт таарч тоглон Филипиний багийг (5:4), Солонгосын багийг (6:2)харьцаатай буулган авч Энэтхэгийн багт (6:2,5) хожигдсоноор хэсгээс 6 оноотойгоор хоёрдугаар байрт шалгарсан байна.
Азийн цомын тэмцээний нэг онцлог давуу тал нь тэмцээнд оролцогчдын тэмцээний үеэр унах морьдын хуваарьлалтыг тэгш хийдэг бөгөөд тэмцээний шүүлтийг HPA (Hurlingham Polo Association буюу Их Британ, Ирландын Пологийн холбооны)дүрмийн дагуу тус холбооноос томилогдсон Ахлах зэргийн шүүгчид шүүн явуулдаг юм. Тэмцээнд багуудын унах морьдыг түвшингөөр нь ангилж дугаарлан багийн ахлагч сугалаагаар морьдоо сонгодог байна.
Мөн тэмцээнд оролцогчид нь төлөөлөн оролцож буй улсын харъяат иргэн байх ёстой шаардлагыг тавьдаг бөгөөд тамирчдын пасспорт, иргэний үнэмлэх зэргийг заавал шалгаж үздэгээрээ онцлог юм.
Манай тамирчдын бүрэлдэхүүнд Д.Артагнан (эрэгтэй 16 нас), Б.Буянжаргал (эрэгтэй 21 нас), Р.Олдох(эрэгтэй 13 нас), М.Адъяа (эрэгтэй), Д.Бат-Оюун (эмэгтэй 14 нас), А.Цэрэндорж (эрэгтэй 28 нас)нар оролцсон бөгөөд дасгалжуулагч Крисс Гиерке-ийн удирдлаган дор 4 сарын хугацаанд Шинэ Зеландын мэргэжлийн пологийн багтай хамтарсан бэлтгэл хийж байгаад 2014 оны Азийн цомын тэмцээнд оролцсон юм.
Ийнхүү Шинэ Зеландад мэргэжлийн пологийн багтай бэлтгэл хангасан Монголын баг тамирчид 2012 оны Азийн цомын тэмцээнд гаргаж байсан амжилтаа бататгахын тул хүрэл медалийн төлөө эзэн орны багтай маш сонирхолтой, олон хувилбар, тактик ихтэй хүч тэнцүүхэн тоглолтыг хийж Тайландын багын давамгайлалаар өндөрлөж 2014 оны Азийн цомын хүрэл медалийг Тайландын баг авсан бол Алтан медалийг Индонезийн баг, мөнгөн медалийг Энэтхэгийн баг тус тус хүрлээ.
Монголын багийн хувьд 2012 оны Азийн цомын хүрэл медалийг авч байсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд 4 дүгээр байрт орлоо. Тэмцээний шигшээ тоглолтын үеэр Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаад элчин сайд н.Баттөмөр очиж тамирчидтай уулзаж ярилцсан бөгөөд тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр Монголын багийн хоёр тамирчны ээж Энхцэцэг Гиерке-д “Эзэн хааны мэндчилгээ” MVP(хамгийн үнэ цэнэтэй тоглогч)-ийн шагналыг гардууллаа.
Сэтгэгдэл ( 0 )