“Их богд”-ын ээлжит барилдаан боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 25

Өчигдөр ОБЕГ “Аврагч” спорт хорооны зааланд Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээний барилдаан боллоо. Энэ сарын барилдааныг Бөмбөгөр сумын нэрэмжит болгон явуулсан. Аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Д.Батбаяр, Д.Энхбат, Б.Бат-Орших, аймгийн заан Н.Золбоо, Л.Мөнхбаяр нарын тэргүүтэй 90 бөх барилдлаа.  Сүүлийн гурван бөхийг тойргоор барилдуулсан бөгөөд Баянбулаг сумын харьяат “Мөнхийн үсэг” группийн бөх аймгийн заан Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж, Баян-Өндөр сумын харьяат аймгийн заан Мөнхтуяагийн Батцэнгэл үзүүрлэв. Харин гутгаар байранд  Баянбулаг сумын харьяат “Нийслэл Өргөө” компани, “Хилчин” спорт хорооны бөх аймгийн арслан Даш-Очирын Энхбат шалгарчээ.

Тус барилдааны үеэр сумын цолтой 16 бөхийн барилдааныг мөн явуулсан юм. Сумын цолтой 16 бөх хоёр зоо болон хуваагдаж, нэг хэсгээс хоёр бөх гарч, сүүлийн дөрвөн бөх тойргоор барилдаж, аваргаа тодорууллаа. Нэгдүгээр хэсгээс нэгээр сумын заан Э.Совджамц, хоёроор сумын заан Д.Алтаншагай шалгарсан бол хоёдугаар зооноос нэгээр сумын заан Т.Дүүрэнсаран, хоёроор сумын заан Э.Билэгдэмбэрэл гарав. Энэ дөрвөн сумын заан тойргоор барилдаж Жинст сумын харьяат сумын Төмөрийн Дүүрэнсаран түрүүлж, сумын заан Баянлиг Сумын харьяат Э.Билэгдэмбэрэл хоёрдугаар, Жаргалант сумын харьяат сумын заан Энхтайваны Совджамц гуравдугаар, Бууцагаан сумын харьяат сумын заан Догсомын Алтаншагай дөрөвдүгээр байр тус тус эзэлжээ.

Барилдааны үеэр уламжлал ёсоор уран гараа дэвээ, уран барилдаан, улсын цолд ойрхон бөхийг шалгаруулсан бөгөөд уран гараа дэвээ, уран барилдааны шагналыг Хүрээмарал сумын харьяат сумын заан Ганзоригийн Жамбалдорж хүртсэн юм. Харин улсын цолд ойрхон бөхийн шагналыг Заг сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Женко” группийн  бөх аймгийн арслан Даваажамцангийн Батбаяр гардсан бол улсын цолд ойрхон бөхийн шагналыг  Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Болдын Эрдэнэхүүд олгов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top