Казахстан улсын нийслэл Астана хотод болж байгаа чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй 97 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Ганьт" клубын тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраагийн шавь, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга түрүүлж азийн аварга хэмээх эрхэм хүндтэй цол хүртлээ.
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эрэгтэй бөхчүүдийн хүртсэн 24 алтан медалийн эзэн, 23 дахь тамирчин боллоо. Олон улсын хэмжээний мастер Ч.Ганзориг 2006 онд мөн улсын Алматы хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт медаль авснаас хойш 8 жилийн дараа Д.Хүдэрбулга тивийн аварга боллоо.
Эрэгтэй 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат мөнгөн медаль хүртэж тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медалийн эзэн болж дасгалжуулагч багш нар түүний дотор Дарханы гэж нэрлэгдсэн, "Хасу-Мегаватт" клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, клубынхээ тамирчдыг баярлуулав.
Эмэгтэй 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл бас аман хүзүүдэж эмэгтэй тамирчдынхаа хоёр дахь мөнгөн медалийг энгэртээ зүүлээ. "Алдар" спорт хороо, "Ажнай" клубын залуу тамирчин Н.Лхамгармаа 61 кг-ын жинд хүрэл медаль авч ирээдүйтэй бөх болохоо харуулж олон улсын хэмжээний мастерын болзлыг биелүүлэв.
Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай эрэгтэй баг гарамгай барилдаж 1 алт, тус бүр 3 мөнгө, хүрэл хүртэж ойрын жилүүдэд хүрээгүй өндөрлөгтөө хүрэв. Өнгөрсөн жил Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-нд наймдугаар байр, энэ онд АНУ-ын Лос-Анжелос хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд тавдугаар байр, азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр гээд амжилт нь улам дээшээ явж байна.
Өнөөдөр эмэгтэй 53, 55, 60, 63, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, П.Орхон, С.Цэрэнчимэд, Б.Нямгэрэл, Ш.Түмэнцэцэг нар барилдана.
Тэмцээний дүн
Эрэгтэй
57 кг 1. Расул Калиев /Казахстан, Азийн аварга шалгаруулах тэмцээний
хүрэл, өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт/
2. Дамдинбазарын Цогтбаатар /"Алдар" спорт хороо/
3. Фумитака Моришита /Япон/
3. Самат Надырбек /Киргиз/
Энэ жинд 13 бөх өрсөлдсөнөөс манай бөх Д.Цогтбаатар нэгдүгээр тойрогт ираны бөх Мехраныг 5:4, хоёрдугаар тойрогт вьетнамын бөх Туан Та Хонгийг 11:0, хагас шигшээ барилдаанд японы бөх Фумитака Моришитаг 8:3 онооны харьцаагаар дараалан өвдөг шороодуулж алтан медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Р.Калиевтай өрсөлдөж 4:10 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
61 кг
1. Масуд Эсмайл Поур /Иран/
2. Бажнееш Бажранг /Энэтхэг/
3. Нармандахын Лхамгармаа /"Алдар" спорт хороо/
3. Даулет Ниябеков /Казахстан, ДАШТ-ний хүрэл медальт/
Энэ жинд 12 бөх өрсөлдсөнөөс манай бөх спортын мастер Н.Лхамгармаа нэгдүгээр тойрогт вьетнамын бөх Те Анх Нгуентэй таарч 13:3 онооны харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт якут гаралтай тажикийн бөх Николай Ноевыг 10:7 онооны харьцаагаар давж мөнгөн медалийн төлөө энэтхэгийн бөх Сеунчилтэй барилдаж 1:7 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд БНСУ-ын бөх Сенгчул Лийг 6:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ.
65 кг
1. Мохаммед Сейд Ахмед /Иран/
2. Жин Хоук Канг /БНАСАУ/
3. Батчулууны Батмагнай /"Алдар" спорт хороо/
3. Фуркат Фарманов /Узбек/
Энэ жинд 14 бөх өрсөлдсөнөөс спортын мастер Б.Батмагнай нэгдүгээр тойрогт киргизийн бөх Улукман Маматовыг 9:4, хоёрдугаар тойрогт японы бөх Томоцугуг 4:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө ираны бөх Мохаммед Сейд Ахмедтэй барилдаж 0:10 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Даурен Жумагазиевийг 5.52 минутанд цэвэр даржээ.
70 кг
1. Мустафа Хосинхору /Иран/
2. Сомиршо Кокидов /Тажик/
3. Кен Хосака /Япон/
3. Ихтияр Наврузов /Узбек/
9. Буянжавын Батзориг /"Хилчин" спорт хороо/
Энэ жинд 12 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Б.Батзориг нэгдүгээр тойрогт казахстаны бөх Азамат Омиржановтой таарч 5:5 онооны харьцаагаар ялагджээ.
74 кг
1. Паемами Реза Эфзалу /Иран/
2. Пүрэвжавын Өнөрбат /"Хасу-Мегаватт" клуб/
3. Роучи Яманка /Япон/
3. Иннокентий Иннокентьев /Киргиз/
Энэ жинд 13 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат нэгдүгээр тойрогт тажикийн бөх Азамат Суфеевтэй таарч 9:6, дараагийн тойрогт узбекийн бөх Ибрахим Нириддиновыг 9:2 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө киргизийн бөх Иннокентий Иннокентьевтэй хүч үзэж 3:2 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө ираны бөх Паемами Реза Эфзалутай барилдаж 0:7 онооны харьцаагаар хожигджээ.
86 кг
1. Мейсам Жукор /Иран/
2. Аслан Кахизе /Казахстан/
3. Оргодолын Үйтүмэн /"Аврагч" спорт хороо/
3. Рашид Курбанов /Узбек, ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга/
Энэ жинд 11 бөх өрсөлдсөнөөс манай бөх О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт туркмений бөх Юсуп Козахаевийг 8:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Аслан Кахизед 1?:20 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын бөх Гванюк Кимтэй барилдаж 4.42 минутанд цэвэр ялжээ.
96 кг
1. Доржхандын Хүдэрбулга /"Ганьт" клуб/
2. Магомед Мусаев /Киргиз/
3. Рустам Искандер /Тажик/
3. Сатеварт Кадиан /Энэтхэг/
Энэ жинд 12 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт тажикийн бөх Рустам Искандерийг 8:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулж мөнгөн медалийн төлөө иракийн бөх Салах Межеед Ахмедтэй барилдаж 10:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж киргизийн бөх Магомед Мусаевыг 7:5 онооны харьцаагаар ялж азийн аварга болов.
125 кг
1. Камиль Газеми /Иран/
2. Нацагсүрэнгийн Золбоо /"Харгант-Цамхаг" клуб/
3. Шанг Хай /БНХАУ/
3. Даулет Шабанбай /Казахстан/
Манай бөх Н.Золбоо нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт иракийн бөх Сабах Абдулах Мохаммедийг 10:7, хагас шигшээ барилдаанд хятадын бөх Шанг Хайг 6:1 оноогоор ялж мөнгөн медалийн болзол биелүүлж алтан медалийн төлөө ираны бөх Камиль Газемитай барилдаж 0:2, 0:8 онооны харьцаагаар дийлджээ.
Багийн дүн
Нэгдүгээр байр Иран, 70 оноо
Хоёрдугаар байр Монгол, 63 оноо
Гуравдугаар байр Казахстан, 51 оноо
Дөрөвдүгээр байр Узбек, 41 оноо
Эмэгтэй
48 кг
1. Татьяна Аманжол /Казахстан, азийн хошой аварга/
2. Эрдэнэсүхийн Нарангэрэл /"Хангарьд" клуб/
3. Юми Ли /БНСУ/
3. Анна Ивамуре /Япон/
Энэ жинд 10 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт тайваны бөх Хсуан Ентэй таарч 10:0 онооны харьцаагаар дийлж хоёрдугаар тойрогт энэтхэгийн бөх Винешийг 7:7 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөх Юми Литэй хүч үзэж 3:2 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө казахстаны бөх, азийн хошой аварга Татьяна Аманжолтой хүч үзэж 1:4 онооны харьцаагаар дийлджээ.
Сэтгэгдэл ( 0 )