Маргааш буюу тавдугаар сарын 11-ний 16:00 цагт АСА циркт Монгол, Солонгосын мэргэжлийн боксчдын халз тулаан болох гэж байна. WBC холбооны Дэлхийн Залуучуудын аварга Г.Баяртогтох болон Өмнөд Солонгосын аварга Кым Кы Нам нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
АСА циркт болох тэмцээн урьд нь Монголд зохиогдож байсан тулаануудаас хэд хэдэн онцлогтой. Энэ талаар Монгол дайчдын мэргэжлийн боксын холбооны Ерөнхий менежер П.Зориг “Монголчуудын мэддэг тулаануудаас өөр. Хүнд жингийн, жин харгалзахгүй тулаан гэдгээрээ онцлогтой. Мөн манай холбооны анхны тэмцээн. Манай тулаанчтай хүч үзэх солонгос боксчны хувьд насаар хамаагүй залуу, одоо 23-тай, нийт 13 тулаан хийснээс наймд нь ялалт байгуулсан. Үүнээс тавыг нь хүнд цохилтоор ялсан. Ийм үзүүлэлттэй тамирчин байна” гэсэн юм.
Монголын боксчин Г.Баяртогтохын хувьд Дэлхийн аварга, Солонгосын хоёр удаагийн аварга, Монгол Улсын аварга тамирчин бөгөөд эх орондоо мэргэжлийн боксыг сурталчлан таниулах, хөгжүүлэх зорилгын үүднээс энэ тулааныг зохион байгуулж байгаа аж. Тэрбээр энэ талаар “Мэргэжлийн боксын холбоо гэхээр яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан гурван ч холбоо бий. Гэхдээ тогтвортой ажиллаж, тамирчин бэлдэж байгаа гэхэд хэцүү. Тамирчин бэлдэх тал дээр үнэндээ ямар ч сэтгэл гаргахгүй байна. Ер нь мэргэжлийн бокс хаягдсан гэхэд болно. Тиймээс энэ тэмцээнийг зохион байгуулж, үүгээр дамжуулж залууст мэдлэг, мэдээлэл, урам зориг өгөхийг хүссэн юм” гэсэн.
Харин манай улсад тулалдахаар ирсэн Өмнөд Солонгосын тамирчин Кым Кы Нам “Би Монголд анх удаа ирж байна. Надад бүх зүйл нь сонирхолтой санагдсан. Сайхан орон байна. Тулааны хувьд би ялна гэдэгтээ итгэлтэй байгаа. Ялахын төлөө л ирсэн. Баяраагийн тухайд түүнээс эмээж, зүрхшээсэн зүйл байхгүй” гэлээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )