Т.Баярцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 10

Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотод явагдаж буй Буудлага спортын Оюутны ДАШТ-нээс Монголын баг анхны медалиа хүртээд байна. Эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд 28 буудагч өрсөлдсөнөөс ОУХМ Т.Баярцэцэг 575 оноо авч, гуравдугаар байраар финалд шалгарав. Улмаар эцсийн шатанд амжилттай буудсаар мөнгөн медалийн эзэн болжээ.

 

 

Аваргын төлөө БНСУ-ын мэргэн бууч Ким Жихуё-д 8:6-гаар дийлдсэн юм. Польшийн К.Брес хүрэл медаль хүртэв. Т.Баярцэцэгийн хувьд сүүлийн нэг сарын хугацаанд гурав дахь том тэмцээнээс медаль хүртэж байгаа нь энэ юм.

 

 

Тэрбээр Испанийн Гранадад болсон ДАШТ-ээс багаараа мөнгө авсан бол Азийн наадмаас мөн багийн төрлөөр хүрэл медаль зүүсэн. Т.Баярцэцэг 2012 онд ОХУ-ын Казань хотноо болсон оюутны ДАШТ-нээс хувийн болон багийн төрлөөр хошой хүрэл медаль хүртэж байсан билээ.

 

 

Баг тамирчдыг Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Монголын буудлагын холбоо, Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанаас зохион байгуулан энэ тэмцээнд оролцуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top