Б.Хосбаяр: Туялзуур сэлэмний спорт хүнийг орон зайн мэдрэмжтэй болгодог

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

Олимпийн ууган дөрвөн спортын төрлийн нэг нь туялзуур сэлэмний спорт гэгддэг. Уг спорт нь  монголын нөхцөлд төдийлөн дэлгэрч амжаагүй гэхэд болно. Тэгвэл  энэ спортын талаар  Монголын туялзуур сэлэмний холбооны нарийн бичгийн дарга Б.Хосбаяртай уулзаж ярилцлаа.  

-Туялзуур сэлэмийн спортын үүсвэр монголд анх хэдийд тавигдаж эхэлсэн бэ? Хүүхэд залуучууд ихээр сонирхох болж?

-Монголын туялзуур сэлэмний холбоо 2009 онд байгуулагдаж 2011 онд анхны клубээ байгуулаад бэлтгэл сургуулилт явуулж эхэлсэн. Энэхүү спортыг хүүхэд залуучууд ихээр сонирхдог болсон. Туялзуур сэлэм нь хүнд, хөнгөн, илд сэлэм гэсэн гурван төрөлтэй. Манайд хүнд сэлэмний төрөл түлхүү хөгжиж байна. Бид холбооныхоо гол зорилгоо тамирчдын бэлтгэл сургуулилт дээр чиглүүлэн ажиллуулж байна.      

-Энэхүү хүнд төрөл нь нөгөө төрлүүдээсээ юугаараа ялгаатай байдаг юм бол?

-Энэхүү спортын үндсэн гол хэрэглэгдэхүүн нь сэлэм байдаг. Сэлэмнийхээ үзүүрт мэдрэгчтэй. Мэдрэгч нь 750 граммаас дээш жингээр даралт үүсгэсэн тохиолдолд оноо авдаг. Хөнгөн нь зөвхөн биеийн цээжин хэсэгт оноо авдаг бол илд сэлэмний төрөл нь биеийн бүх хэсэгт цавчиж оноо авдаг. Харин туялзуур сэлэмний хүнд төрөл нь биеийн бүх хэсэгт хатгаж оноо авдгаараа онцлогтой.

-Дүрмийн тухайд ямар байдаг вэ. Хэдэн минутаар хэдэн үе тулалддаг юм?

- Тамирчдын нэрсийг тусгай зориулалтын программаар уншуулж цаанаасаа автоматаар оноолтыг тааруулж хэсэгт хуваадаг. Нэг хэсэгт 6-7 хүн багтдаг. Хэсгийн тоглолтод бүх тамирчид хоорондоо тулалдана. Хэсгийн тоглолтын дараа  дахин оноогоор жагсааж 64-ийн таблицаар хасагдах шатаар аваргаа тодруулдаг. Тамирчид аюулгүй байдлаасаа бүрэн хангагдсан 800 ньютоны хүчийг даах тусгай өмсдөг. Өрсөлдөгч тамирчид өөр хоорондоо сэлэмний үзүүрээр хатгаж оноо авна. Тамирчид 18 метрийн урт, 1,5-2 метр өргөнтэй зам дээр хэсгийн тоглолтонд 5 оноогоор 3 минут тулалддаг. Харин хасагдах шатны тоглолт гурван минутаар гурван үе тулалддаг. Шүүн явуулах тухайд тусгай зориулалтын машинаар тамирчдын оноог шүүн явуулдаг байгаа.

-Монголд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг клубүүд хэр олон байдаг вэ?

- Албан ёсны эрхтэй 6 клуб байдаг. Энэ онд шинээр Улаанбаатар хотод хоёр, мөн Орхон аймаг, Багануур дүүрэгт тус тус клуб байгуулаад үйл ажиллагаа явуулж байна.  

-Аливаа спортод багш дасгалжуулагч чухал байдаг шүү дээ. Одоогоор мэргэжлийн хэдэн багш дасгалжуулагч байна вэ?

-Албан ёсны олон улсын зэрэглэлтэй зургаан дасгалжуулагч байгаа.

-Спортоор хичээллэсэн хүн ямарваа нэгэн төлөвшил олж авдаг шүү дээ. Энэ спортын тухайд?

-Энэ спорт нь нүдний хараа их шаарддаг. Мөн хүнийг орон зайн их мэдрэмжтэй болгодог. Тулалдахын хувьд бодох, сэтгэх, хурд авхаалж самбаа их шаарддаг учраас бүхий л тал дээр авууштай талууд их гарч ирдэг.

-Энэ спортоор хичээллэхийн тулд сургалтын хөлс дунджаар ямар байгаа бол?

-Үнэ төлбөрийн тухайд 70,000-100,000 мянган төгрөг байгаа. Бүх клубуудын дундаж сургалтын хөлс адилхан байгаа гэж бодож байна.    

-Хэдийнээс манай тамирчид олон улсын тив дэлхийн чанартай тэмцээнд оролцож эхлэв. Энэ жилийн тухайд оролцсон уу?

-2010 оноос эхлэн олон улсын чанартай тэмцээнүүдэд явуулж эхэлсэн. Тамирчдын амжилт жил ирэх тусам ахисан түвшин харагдаж байгаа. Манай тамирчдын хувьд энэ жил олон улсын, тив дэлхийн чанартай найман тэмцээнд оролцсон. Хамгийн сүүлд 10 дугаар сард Филлипин хотод болсон 23 хүртэлх насны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн.

-Шинэ оны босгон дээр ямар тэмцээнүүд байна вэ?

- Өсвөрийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх он гараад болно. Бид нэг сараас эхлэн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг тэмцээнээс шигшиж залуучуудаа Азийн наадамд авч явна. Өнгөрсөн жил олон улсын туялзуур сэлэмний зуун жилийн ой болсон. Италын туялзуур сэлэмийн холбооны ерөнхий конгрессийн хуралд оролцоод ирсэн. Бид жил бүр чансааны эхний 8-н тамирчдын дунд аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Энэхүү тэмцээнийг 12 дугаар сардаа багтааж зохион байгуулна.

Э.Цагаан-Уул

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.195) 2015 оны 09 сарын 13

Холбоо барих утасны дугаараа өгөөч бас клубын байршилийг хэлж өгөөч

0  |  0
Top