Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA)-аас жил бүр тодруулдаг дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг Испанийн Реал Мадрид болон Португалийн шигшээ багийн ахлагч Кристиан Роналдо хүртлээ. Түүний хамт Байерн Мюнхэний хаалгач Мануэль Нойер, Барселона багийн хагас хамгаалагч Лионель Месси нар өрсөлдсөн юм.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгч (Ballon d’Or) шагнал хүртсэн Роналдо “Би юун түрүүнд ээждээ баярлалаа гэж хэлье. Бас миний төлөө санал өгсөн хүн бүрт баярлалаа, дасгалжуулагч, тамирчид бас клубын ерөнхийлөгч танд талархаж байна. Өнгөрсөн жил миний хувьд хэзээ ч мартагдамгүй байдлаар өнгөрч байна. Цомд түрүүлж, маш олон тоглолтод хожсон. Дахин давтагдашгүй жил байлаа. Одоо би үргэлжлүүлэн ажиллах болно, миний урд маш урт зам байна. Багийнхныхаа хамт бэлтгэлээ сайн хийж, хичээж тоглох болно. Ээжийнхээ, аавынхаа төлөө мөн гэр бүл, хүүгийнхээ төлөө урьдынхаасаа илүү байхыг эрмэлзэнэ” гэжээ.
Ингэснээр Кристиан Роналдо "Алтан бөмбөг"-ийг гурав дахь удаагаа хүртэж байгаа юм. Түүний хувьд Аваргуудын лигт 17 гоол оруулсан амжилттайгаар 2014 оныг дуусгасан бөгөөд санал өгсөн хүмүүсийн 37.66 хувиар ялагч болжээ.
Мөн түүний хувьд өнгөрсөн улиралд багийнхаа хамт Европын Аваргуудын лиг, Копа Дэл Рей цомд тус тус түрүүлсэн амжилт гаргасан билээ.
Өдгөө 29 настай тэрбээр Ла лигийн мэргэн буучийн жагсаалтыг 30 тоглолтод 31 гоолтойгоор тэргүүлж байна.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )