2015 онд манай тамирчид олимпийн эрх авахын төлөө хилийн чанадад зохиогдох 145 тэмцээнд оролцож, дотооддоо 14 олон улсын тэмцээн зохион байгуулна. Эдгээр тэмцээнд оролцох тамирчдын гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах, олон улсын тэмцээний үеэр эх орноо сурталчлах санал санаачилгаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцууллаа. Энэ үеэр Монголын үндэсний олимпийн хороо, жүдо, чөлөөт бөх, бокс, хөл бөмбөг, буудлагын зэрэг спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нар болон Олимпийн анхны аварга Н.Түвшинбаярыг хүлээн авч уулзсан юм. Спортын элчээр дамжуулан гадаад сурталчилгаагаа өргөжүүлэх, Монголдоо зохион байгуулдаг олон улсын тэмцээнээ брэнд болгох, Хойд, Өмнөд Солонгос, Монголын “Жүдо-Энх тайван” тэмцээнийг 2015 онд Улаанбаатарт зохион байгуулах, 2017 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулах эрхийг авах боломжийн талаар ярилцлаа.
Гадаад хэргийн сайд спортын төлөөллийг хүлээн авч уулзаж байгаад ирсэн оролцогчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, сайдын гаргасан санаачилгууд тэдний хүсэл зорилгод бүрэн нийцэж байгаа бөгөөд цаашид бүхий л хэлбэрээр дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )