Английн премьер лигийн 22 дугаар тойрог онц сонирхолтой тоглолтуудаад дүүрэн боллоо. Энэ тойрогт лигийг тэргүүлэгч Челсиг аз ивээж, харин тэдний араас амьсгаа даран нэхэж буй Манчестер Сити тааруу үр дүн хүртэв.
Челси лигийн хүчтэй өрсөлдөгч Суонсигийн талбайд зочилж, таван гоолоор бут ниргэн гурван оноо авсан юм. Харин хүснэгтийн хоёрт явсан Манчестер Сити энэ тойргоос өмнө Челсигээс хоёр оноо алдаж явсан бол Арсеналыг хожиж байж онооны зөрүүгээ хэвээр хадгалах байв.
Гэтэл “Их Буучид” энэ удаа тун цэгцтэй, хамгаалалт довтолгоо хосолсон тоглолтоор фэнүүддээ бэлэг барив. Тэд эхний үед талбайн эздийг нэг гоолын зөрүүгээр давамгайлсан бөгөөд Манчестер хотын “Усан цэнхэрүүд” нэг ч хаалгаа оносон цохилт хийж чадсангүй. Лондоны баг хоёрдугаар үед улам л эрч хүчтэй тоглолтыг үзүүлэн, багийнхаа хоёр дахь бөмбөгийг хийв. Энэ удаа Франц эр Олив Жиру тооны харьцааг холдуулжээ. Үлдсэн минутад талбайн эзэд яаж ч чадалгүй байсаар цаг дуусгасан юм. Харин одоо тэргүүлэгч Челси ардаа яваа багаас таван оноогоор тасарч эхэллээ. Жозе Моуриньогийн залуус ирэх тойрогт Манчестер Ситиг гэртээ хүлээн авна.
Энэ тойргийн бусад тоглолтуудаас дурьдвал, КПР клубын талбайд Ман Юнайтед 2:0-ээр, Астон Виллаг Ливерпүүл 1:0-ээр тус тус хожоод байна. Мөн Тоттенхэм өрсөлдөгчөө буулган авснаар топуудаас Манчестер Сити л оноо алдсан юм. Хүснэтгийг Челси 52 оноогоор тэргүүлж буй бол тэдний араас Сити 47, Саутхэмптон 42, Манчестер Юнайтед 40 оноогоор тус тус бичигдэж байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )