Б.Шоовдор “Алтан Гран-При” тэмцээнээс алтан медалиар шан татлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 24

ОХУ-ын Красноярск хотноо олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮI, эмэгтэй чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээн  тус хотын  И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд өчигдөр эхэлсэн билээ.  Тэмцээний эхний өдөр эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Манай тамирчид гараагаа амжилттай эхэлж алтан медалиар шангаа татав.

Эмэгтэйчүүдийн 58 кг-д барилдсан Б.Шоовдор алтан медаль хүртлээ. Тэрбээр энэ оны эхээр болсон улсын аваргад түрүүлж, хошой аварга болсон юм.  Б.Шоовдор 58 кг-ын жинд өнгөрсөн онд Казахстан улсын Астана хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын барилдаанд Японы бөх Кавай Рисакод 0:7 онооны харьцаагаар ялагдаж мөнгөн медаль дээр бууж байсан бол энэ тэмцээнд нэгдүгээр тойрогт  түүнийг  ялж даагаа нэхжээ. Тэр  дараагийн тойрогт Беларуссын бөх Вероника Ивановаг ялж хагас шигшээ барилдаанд Канадын М.Фазарийг 3:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулж, алтан медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Айсулуу Тыныбековаг 4:1 онооны харьцаагаар ялж энэ тэмцээний аварга боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top