Ц.Шинэн: Би чинь улсдаа хурдан тэмээний анхны алдарт уяач шүү дээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Монгол Улсын гурван сая иргэний нэг хэн бүхний амьдрал, ажил үйлсийн амжилт бүтээл, ая данг уншигч танаа хүргэхээр Зиндаа.мн сайтынхан маань “ГУРВАН САЯЫН НЭГ” булангаа нээсэн билээ. Эндээс уншигч та бүхэн эгэл жирийн нэгний бүтээж буй гайхамшигт түүх, эгэлгүй мэт санагдагчийн бичиж буй амьдралын хүүрнэлийг унших учиртай. Тиймээс бид энэ удаагийн “ГУРВАН САЯЫН НЭГ” булангаараа Мянган тэмээт Шинэн буюу Монгол Улсын гавьяат малчин С.Шинэнтэй та бүхнийг уулзуулж байна.

 

Түүнийг Монголд таниж мэдэхгүй хүн ховор байх. Тэр бол Монголын анхны 1000 тэмээтэй малчин. Тэмээг мянга хүргэнэ гэдэг хонь ямаа өсгөхтэй огтхон ч адилгүй. Тэмээ угаасаа урт хөлийн амьтан, жил өнжиж ботголдог. Жинхэнэ зорьж зүтгэж, зорилго болгож  байж л ийм амжилтад хүрэх байх. Уяж номхруулах, саалинд сургах, уналга эдэлгээнд ашиглах, ноос үсийг нь авах гээд дандаа л эр бяр, хүн хүч шаардсан амаргүй ажлууд байдаг. Ийм амаргүй ажлаас нь үл халширч тэмээгээ мянга давуулсан энэ хүнээр бахархахгүй байхын аргагүй билээ.

Сая цагаан сараар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мянгат тэмээчнийд очиж  золголт хийж хүндэтгэл илэрхийлжээ.  Энэ тухай зарим хэвлэл мэдээлэл Хөдөлмөрийн баатар цол биечлэн гардуулахаар Ерөнхийлөгч эднийхийг зорилоо хэмээн мэдээлж байсан юм. Харин энэ жаахан ташаа боловч амны бэлэгтэй мэдээ байв. Ерөнхийлөгч тэднийд цагаан сар өнгөрөөж байгаа тухай сургаар Ц.Шинэн гавьяаттай холбогдохоор хэд хэдэн удаа оролдоод бүтсэнгүй. Утасны сүлжээгүй газар хаваржиж байгаа бололтой. Харин шинийн зургааны өдөр дахин залгавал дуудаж байна аа. Ингээд түүнтэй холбогдож ярилцсан нь энэ.

 -Сүлжээ орж гараад нэг л сайн ярилцаж болохгүй байх чинь.

-Харин тийм байна. Манай өвөлжиж байгаа газарт сүлжээ бараг барихгүй. Харин одоо сум руу явж байгаа болохоор  эрхбиш сүлжээ орж ирж байна.

-Сум руу ямар ажлаар явж байна?

-Цагаан сараас хойш анх удаагаа л гарч байна. Ганц нэг хүнтэй золголт хийх гээд.

-Жаахан хожуу золголтонд гарч байна аа?

-Харин тийм. Ерөнхийлөгч ирж шинэлээд гарч амжсангүй. Тэгээд ч манай сумынхан Ерөнхийлөгчтэй золгохоор ихэнх нь манайд ирсэн болохоор гарч золголт хийх шаардлага бага байлаа.

-Ерөнхийлөгч танайд хэзээ очив?

-Шинийн нэгний орой ирсэн. Үнэхээр баярлахаас аргагүй сайхан үйл явдал боллоо.

-Харин тийм байна. Цагаан сараар Ерөнхийлөгчтэйгээ хамт байна гэдэг  билэгдэл талаасаа ч гэсэн сайхан юм.

-Ерөнхийлөгчийг ирэхийн  урдхан энэ жилийн ууган ботго гараад билэгдэлтэй сайхан  байна.

-Танайд удав уу?

-Манайд хоёр хоноод л буцлаа.

-Аль хэр бэлтгэлтэй байв?

-Ерөнхийлөгчийг ирнэ гээд тусдаа гэр орон барьчихсан байсан. Гэтэл Ерөнхийлөгч маань “Би танайхыг зорьж ирсэн болохоор танайд л байя. Яах гэж ингэж илүү дутуу ажил болж өөрсдийгөө хүндрүүлсэн юм гээд л гэрт маань бидэнтэй хамт тухалсан. Ер нь ард түмнийхээ  амьдралд ойр байхыг аль болохоор эрмэлздэг,  энгийн, хээ шаагүй хүн юм байна.

-Энэ хоёр хоног Ерөнхийлөгч маань өөр айл амьтнаар оров уу?

-Ороогүй ээ. Тийм зав зай ч гарсангүй. Нутгийнхан Монгол Улсын Ерөнхийлөгч хүн анх удаа манай нутагт цагаан сарын золголт хийж байна гээд ирж гар зөрүүлж, хөөрөг солилцож жирийн сайхан яриа өрнүүлээд, байнгын зочинтой байлаа. Цагаан сараар төрийн тэргүүнтэйгээ золгоно гэдэг хэн хүнд олдоод байдаг  хувь тохиол биш шүү дээ. Нутгийнхан маань энэ боломжийг яаж алдахав.  Харин нэг заваараа сум орж Шинэ сумын төвтэй танилцаж тэнд иргэдтэй уулзалт золголт хийсэн.

-Ерөнхийлөгч ер нь малд ойрхон хүн байж мэднэ. Хөдөө өссөн болохоор.

-Тийм юм байна. Тэмээ унаж, тэмээ хамт хураалцсан. Орсон буурнаас барагтай хүн жийрхдэг дээ. Харин Ерөнхийлөгч бүр хөтөлж яваад дэргэд нь зургаа авахуулж байна билээ. Цагаан бүгээн идээнд дуртай, ингэний хоормог, боз уугаад бидний л нэг адил байлаа.

-Энэ жил танайх хаана өвөлжиж байна?

-Манайх сумаасаа баруун хойш 20 гаруй км-т Хүрэндэл гэдэг газар өвөлжиж байна. Ингээ тэнд төллүүлнэ.  

-Хэдэн ингэ ботголох вэ?

-200 гаруй ингэ ботголно. Ер нь жил бүр 200 гаруй ботго хүлээж авдаг.

-Өнгөрсөн жил хичнээн тэмээ тоолуулав?

-Яг тодорхой хэлбэл 1236 тэмээ тоолууллаа.

-Танайх хэдэн хошуу малтай вэ?

-Манайх таван хошуу малтай.

-Хамгийн олон нь тэмээ юу?

-Тэмээ. Одоо 1200 гарчихаад байна. Энэ жилийн төлөөр бас тоо толгой нь нэмэгдэнэ. Тэгэхээр 1400 гарах байх.

-Хонь мянга хүрэхээр идэх хонь олддоггүй гэх үг бий. Тэмээ мянга хүрэхээр бас тийм үү?

-Тэмээ бусад мал шиг жил бүр төллөөд байдаггүй, олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд тоо толгой нь өсдөг амьтан учраас тэр бүр дээс хутга барьж мал руугаа дайрахыг  боддоггүй. Гэхдээ хөгшин хөвөөг нь заазалж эдийн засгийн эргэлтэнд оруулалгүй яахав. 

-Тэмээнээсээ  жилд хэдэн тонн ноос авах вэ?

-Өнгөрсөн жил таван тонн гаруй ноос  авсан. Энэ жилийн тухайд ч бас үүнээсээ ахина уу гэхээс буурахгүй.

-Ноосны үнэ ханш ямаршуухан байна?

-Би ноосоо өөрийн тээврээр Улаанбаатарт хүргэж үйлдвэрт тушаасан. Нэг кг нь 5000 төгрөг л болж байна. Ер нь тэмээний ноосны үнэ сүүлийн 10 шахам  жил нэг л хэвэндээ байна. Гэтэл бусад бараа бүтээгдэхүүний үнэ бараг нэг дахин өсчихөөд байгаа шүү дээ.

-Ноосны урамшуулал өгч байгаа биз дээ?

-Өнгөрсөн жилийн урамшууллыг өдий болтол өгөөгүй байна. Цагаан сараас өмнө гэж дуулдаж байсан ч өгсөнгүй. Зөвхөн хоршоо биржид тушаавал урамшуулал олгоно гэдэг. Гэтэл урамшуулал тооцоод нэг кг ноос 6000 төгрөгөөс хэтрэхгүй байна. Урьд нь ченжүүд гадаа ирж авдаг, кг нь 7000 төгрөг хүрдэг байснаа одоо өрсөлдөгчгүй болсноор үнэ нь буурчихаад байна. 

-Энэ олон тэмээг ноослоно гэдэг мөн ч амаргүй ажил даа?

-Хэцүү хэцүү. Ёстой л олны хүч оломгүй далай гэдэг шиг олны дэм тусаар бүтдэг ажил.

-Бог хэр өсч байна?

-Өсгөе гэвэл өсөөд л байна. Одоо мянга гаруй бог мал байгаа. Гэхдээ мал маллана гэдэг бол амар хялбар ажил биш. Байгаль цаг агаар, тэнгэр хангайн араншингаас их хамааралтай. Үнэхээр сэтгэл зүтгэл гаргаж  байж л өсдөг.

-Мал маллаад хэдэн жил болж байна вэ?

-Гуч гаруй жил болж байна. Ер нь бол мал аж ахуй дээр төрсөн, өссөн.  Анхны илгээлтийн эздийн нэг юм уу даа. 1975 онд  улс даяар 75 мянган залуучуудыг МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гаргах уриа дуудлага улс даяар түгж байсан юм. Тэр 75 мянгын нэг нь би.  Дунд нь хэдэн жил завсардсан. Гурван жил цэргийн алба хааж халагдаж ирээд сумын худалдаа бэлтгэлийн ангид 10 шахам жил ажилласан. Бусад хугацаанд нь мал маллаж байна. 

1975 онд  улс даяар 75 мянган залуучуудыг МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гаргах уриа дуудлага улс даяар түгж байсан юм. Тэр 75 мянгын нэг нь би. 

 

-Анх хэдэн тэмээтэй байж байгаад ингэж  мянгат тэмээчин болов?

-Нэгдэл тарахад би хувьчлал гэж мал авсангүй. Миний өөрийн их гэр маань надад анх гурван тэмээ тасалж өгч байсан. Ингэж л би өөрийн гэсэн гурван тэмээтэй болж, түүнээсээ мянга хүргэлээ.

-Мал, тэр дундаа тэмээ өсөх үндэс юу вэ?

-Би улсын байгууллагад ажиллаж байгаад ерээд оны эхээр малчин болсон хүн.  Жижиг сажиг ишиг борлон цуглуулж байгаад л мал дээр гарсан. Хүмүүс намайг ажлаа хийж байхгүй мал дээр гарч яадаг байна аа гэж зэмлэх сануулахын хооронд хэлж л байсан.   

Мал эзэн хүнийхээ сэтгэлээр өсдөг гэж үг буй. Би энэ сумынхаа анхны мянгат малчны нэг шүү дээ. Тэгээд дараа нь тэмээгээ түлхүү өсгөе гэж зорьсон. Ингээд өөрийн хэдэн тэмээн дээрээ энд тэндээс тором  гунж  худалдаж авч нэмэрлэсээр гайгүй хэдэн ингэтэй болсон. Түүнийгээ өсгөсөөр  л мянган тэмээтэй болсон доо.

 -Тэмээг түлхүү өсгөх шалтгаан юу байв. Ядахад л хариулж маллахаас эхлээд урт хөлийн амьтан хэцүү биш үү?

-Ер нь яахав, нэгэнт хүн болж төрснийх эх орондоо, нутаг нугадаа, аав ээждээ тустай амьдрах ёстой. Амьдралд зорилго гэж бас байх учиртай.  Нөгөө талаар дэлхийд хоёр бөхтэй тэмээ ховордож байна. Нэгэнт тэмээний нутагт төрж өссөнийх ховордож байгаа энэ буянаа  өсгөе л гэж зорьсон. Би ганцаараа тэмээ өсгөөд хоёр бөхт тэмээний тоо толгойн хорогдлыг зогсоож чадахгүй ч хамгийн гол нь хүмүүсийн тэмээгээ хайрладаг, өсгөж үржүүлэх гэсэн сонирхол хүслийг өдөөх болов уу гэж бодсон.

Намайг тэмээгүй шахам байхад  гаднаа 100 гаруй тэмээ хотлуулчихсан айл байж л байсан. Нэгдэл тарахад өөрийнхөө гарын малыг  аваад үлдчихсэн олон хүн байсан. Гэтэл өчнөөн жил өнгөрсөн ч тэд одоо хүртэл тэр хэмжээндээ л байна. Над шиг ингээд өсгөчихсөн хүн бол цөөхөн байх. Тэгэхээр би тэмээгээ ингэж өссөнийг өмнөө тавьсан зорилго, хөдөлмөрийн үр дүн л гэж хардаг. Зүгээр байхад өөрөө аяндаа өсдөг мал гэж байхгүй шүү дээ. Бойжуулсан ботго бүрийн ард хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг.

-Тэмээ ер нь яавал өсөөд байх шиг байна?

-Зөв маллаж байж л өснө. Зөв маллана гэхээр нутгийг нь зөв сонгож, зөөлөн гараар  оролдох хэрэгтэй гэсэн үг.

-Танай тэмээ ямар омог угшилынх вэ?

-Монголд тэмээний гурван ч омог угшил байна. Тэр бүгдээс нь буур авчирч тавилаа. Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Төхөмтунгалагийн хос зогдорт  гэхчлэн. Мөн нутгийнхаа шилмэл омгийн хээлтүүлэгчийг тавьж байна.  Би таван хошуу малаа бүгдийг нь тус тусад нь сайжруулж, энд тэндээс шилдэг омгийн хээлтүүлэгч авчирч тавьсан.

-Танай нутгаар хавтгайн угшилтай тэмээ хэр олон байдаг вэ?

-Манай  нутагт  бол цөөхөн дөө. Гэхдээ ганц хоёр бий. Шинэжинст, Баян-Өндөр талдаа хавтгайн төл цөөн бөр байдаг юм. Сонирхоод хавтгайн тайлаг гунж авчирч цус сэлбэж л байна.

-Тэмээ аль хэр үнэ хүрч байна?

-Дээд тал нь 10 сая төгрөг гарчихлаа.

 -Ямар тэмээ тийм үнэ хүрэх байна?  

-Гол нь хурдан тэмээ л тийм үнэ хүрч байна.

-Танайд хурдан тэмээ олон уу? 

-Хэд хэдэн тэмээ байна аа. Би чинь  улсдаа хурдан тэмээний анхны алдарт уяач  шүү дээ.  Улсын чанартай  тэмээний уралдаануудад удаа дараа оролцож олон айраг түрүү авч байсан. Ноднингоос эхэлж тэмээний уяачдад “Алдарт уяач” гэдэг цолыг өгч эхлэхэд анхныхыг нь надад өгсөн.

-Тэмээний уяа сойлго гэж байна биз?

-Байлгүй яахав. Тэмээний уяа морины уяа хоёр өдөр шөнө шиг өөр зүйл.

-Энэ жилийн уралдаанд оролцов уу?

-Цагаан сарын өмнө багууд дээр тэмээний уралдаан боллоо. Энд манай нэг тэмээ түрүүлсэн. Өвөрхангайн Баруунбаян-Улаанд болсон уралдаанд аман хүзүүдлээ. Манай аймгийн тэмээчдийн зөвлөгөөн шинийн найманд Баян-Өндөрт болох гэж байна. Тэр үеэр уралдаан болох байх.

-Танайх ер нь хаагуур нутагладаг айл вэ?

-Малын тухайд бол бэлчээр ногоо хаана байна, тэнд л нутаглана даа.

-Санхүүгийн ямар нэг асуудал үүсдэг үү?

-Төгрөг мөнгө дутаад өр зээлэнд ороод явах юм юу байхав. Гэхдээ амьдрал юм болохоор асуудал үүсэх үе байлгүй яах вэ. Хэчнээн олон малтай байлаа гээд баячуудын зиндаа зэрэгт  очтолоо хаана ч юм. Малтай хүн байнга л зарлага гаргаж байдаг. Өвс тэжээл, арчилгаа маллагаа, ус хужир гээд  тэр бүгдэд мөнгө зарна.  Хэрэв олноор нь нядлаад борлуулбал орлогоо чамгүй нэмэгдүүлэх боломж байлгүй яахав. Гэхдээ өдөр шөнөгүй зүтгэж, хүмүүсийн хэлдгээр чөмгөө дундартал хөдөлмөрлөж  байж  өсгөснийгөө зөвхөн ашиг орлогын нүдээр харж  үрж барж  болохгүй байна ш дээ.

-Таныг харахаар барилдаж явсан боловуу гэж бодогддог юм?

-Эр хүн болохоор эрх биш зүгээр байгаагүй. Сумын заан цолтой.

-Хол явж барилдаагүй сумын заан, Хот орж зодоглоогүй сумын заан юм байна...

-Тийм л болох байх даа. /инээв/

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх таван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд л их дээд сургууль төгслөө. Нэг нь  одоо сурч байна.

-Малчны хөдөлмөрийг залгамжлах нь уу?

-Хүүгийнх маань манайхтай  хамт малаа маллаж байна. Бусад  нь эзэмшсэн мэргэжлээрээ багш, Банкны салбарын эрхлэгч  гэхчлэн төв суурин газар  төвхнөсөн.  Гэхдээ энд байгаа хүүхдүүд өглөө оройдоо ингэ саалцаж, тором ботго уялцана  гэхчлэн малын ажилд бол байнга оролцоно. Ач зээ нар түрүүчээсээ тусад орж байна.  

-Тэмээнийхээ тоо толгойг цаашид 2000 хүргэх бодол байна уу?

-Ер нь малын ажил, тэр дундаа тэмээний арчилгаа маллагаа гэдэг гарын үзүүрээр хийдэг ажил биш. Заавал биеийн хүчний хөдөлмөр ордог, хүч бяр шаарддаг. Бог малтай зүйрлэхийн аргагүй.  Тиймээс цаашид тоо толгойг нь төд хүргэнэ гэж амлахад хэцүү. Тэгээд ч хүний нас хэд билээ, миний хувьд идэр нас маань эргэчихлээ. Тус тусдаа ажил албатай хүүхдүүдээ хэдий болтол малын ажилд  зүтгүүлэх билээ гэхчлэн асуудал байна.

 -Ярилцсанд баярлалаа

П.Булган

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Malchin(43.242.243.24) 2015 оны 04 сарын 02

1400 temeetei hund hodolmoriin baatar g n ogoh yostoi. Sanaand ch bagtamgui ih too tolgoi. 20 temee neg dor haraad l surdej bailaa daa. Bas l baavartai amitan daa, tesvertei, nuuj suuhad byartai, mighty yavahgui zamd haa ch otor nuudeld mash tustai, toromnii noos n nooluuraas dutahgui dee barag, hoormog undaa hooruuleg n ch saihan.

0  |  0
Top