Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар шалгараад байгаа Монгол, БНХАУ, Япон гурван улсын хамтарсан консорциумтай хийх хэлэлцээр шувтрах шатандаа ороод байна. Гэвч хэлэлцээрийн явцад өмнөх Засгийн газрын үед БНХАУ-ын Чалко компаниас зээлсэн 350 сая ам. долларын эргэн төлөлтийн асуудлаас үүдэлтэй гацаа үүсээд байгаа гэсэн мэдээлэл дуулдаж байгаа. Энэ бол сонгуулийн популист амлалтад тараасан мөнгө гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Одоо энэ зээлээс 180 орчим сая ам.долларын төлбөрийн үлдэгдэл байгаа аж. Энэ зээлийн гэрээтэй холбоотойгоор Чалкотой дахин хэлэлцээр хийж үг хэлээ ололцох шаардлага гараад байгаа гэсэн мэдээлэл байна. Харин энэ удаад бид уншигчиддаа Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциумд багтаж буй гурван компанийн талаар товч мэдээлэл өгч байна.
Монгол Улсын Энержи Ресурс ХХК:
Үндэсний хөрөнгө оруулалттай энэ компанийг монголчууд бараг андахгүй байх. Олон улсын хөрөнгийн бирж дээр Монголоос анх удаа IPO гаргасан. Тодруулбал, 2010 оны 10 дугаар сард Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж байв. Тус компани анх 2005 онд М-Си-Эс, Петровис ХХК, Шунхлай зэрэг нэр нөлөө бүхий компаниудын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан уул уурхайн компани юм. Монголчууд хийж бүтээж чаддагийг энэ компани үйл ажиллагаагаараа харуулсан хэмээн тодотгож болно.
Тус компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг нүүрсний уурхайг харьцангуй богино хугацаанд нүүрс олборлолт, боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалтын нэгдсэн ажиллагаа бүхий цогцолбор болгож иж бүрнээр нь хөгжүүлж чадсан. Тухайлбал, энд 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг монгол инженерүүдийн ур ухаанаар барьж байгуулсан бөгөөд энэ станц нь хуурай хөргөлтийн системтэй гэдгээрээ ялгардаг.
Энержи Ресурс ХХК нь жилд нийт 15 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадал бүхий Нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж байгуулсан. Энэ үйлдвэр технологийн дэвшлээр Азидаа тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг гэж тооцогддог.
Түүнчялэн Ухаа Худаггийн уурхайг Гашуунсухайтын боомттой холбосон 245 км хатуу хучилттай авто зам, гаалийн хяналтын талбай, боомтын өргөтгөл, өөрийн эзэмшлийн давхар чиргүүлтэй 300 гаруй хүнд даацын тээврийн хэрэгсэл бүхий авто бааз, хүнд машин механизмын засварын төв зэргээс бүрдэх нүүрс тээвэр, ложистикийн бие даасан систем байгуулжээ.
Монголын Үндэсний Статистикийн Хорооны мэдээгээр Энержи Ресурс ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар улсын нүүрсний нийт экспортын 38 хувийг дангаар бүрдүүлсэн байна.
БНХАУ-ын Шеньхуа компани:
БНХАУ-ын нүүрс-эрчим хүчний салбарын тэргүүлэгч Шэньхуа компани 2005 онд Хонконгийн хөрөнгийн биржид, 2007 онд Шанхайн хөрөнгийн биржид тус тус хувьцаа гаргасан, нүүрс, эрчим хүч, төмөр зам, боомт, далайн тээврийг хамарсан, бизнесийн цогц үйл ажиллагаа явуулдаг компани юм. Гуравдагч зах зээлд 227.3 сая тонн нүүрс борлуулсан гэсэн тоо баримт байна.
Шэньхуа компани нь өөрийн эзэмшлийн, сайн чанарын нүүрсний баялаг нөөцтэй, том хэмжээний уурхайн төслүүдийг хэрэгжүүлдэг. Нүүрсний нийлүүлэлт, борлуулалтаар улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлдэг, хамгийн том нээлттэй хувьцаат компани юм байна. 2013 онд л гэхэд тус компани арилжааны шугамаар нийт 318.1 сая тонн нүүрс олборложээ.
2013 оны эцсийн байдлаар Шэньхуа группын нийт хөрөнгийн хэмжээ 882.7 тэрбум юань байсан бөгөөд нийт 214 000 ажиллагсадтай. Тус групп нь өөрийн эзэмшлийн нүүрсний 70 уурхай, 1765 км урт төмөр зам, нүүрс экспортын 2 боомт, 30 хөлөг онгоц бүхий далайн тээврийн компани, нийлбэр дүнгээр 63 гегаватт хүчин чадал бүхий цахилгаан станцтайгаар үйл ажиллагаа явуулдаг гэх тоо баримт байна.
Нүүрс, эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч байр суурь эзэлсэн, өөрийн эзэмшлийн төмөр зам, боомт бүхий тээвэр, ложистикийн цогц сүлжээтэй гэдэг утгаараа Шэньхуа Энержи нь Тавантолгой төсөлд дэлхийн түвшний өрсөлдөх чадварыг бий болгоно хэмээн үзэж байна. Түүнчлэн Шэньхуа компанийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байр суурь, нэр хүнд, үйл ажиллагаа нь энэхүү төслийн үнэ цэнийг олон улсад өргөнө хэмээн ажлын хэсгийнхэн тооцож байна.
Японы Сумитомо Корпораци:
Сумитомо корпораци Японы хамгийн том групп компаниудын нэг бөгөөд дэлхийн 66 оронд 75 000 гаруй ажиллагсадтай, 250 гаруй салбар ба охин компаниудаар дамжуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг. Мөн Сумитомо корпораци нь Австрали улсад нүүрсний уурхайн зургаан төсөл хэрэгжүүлдэг юм байна.
Тус компани олон жилийн үйл ажиллагааны уламжлалтай бөгөөд анх 1919 онд байгуулагджээ. Бизнесийн гол чиглэл нь гэвэл ашигт малтмалын олборлолт, метал боловсруулалт, цахилгаан эрчим хүч, хийн хангамж, химийн бүтээгдэхүүн ба машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, гэр ахуйн цахилгаан бараа, хүнсний бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, мэдээлэл харилцаа холбоо, санхүү, даатгал, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарууд багтаж байна.
Сумитомо Японы дотоодын зах зээлд жил тутам 14 сая орчим тонн нүүрс нийлүүлдэг. Япон улс нь эрчим хүчний ба коксжих нүүрсний импортоор дэлхийд БНХАУ-ын дараа буюу хоёрдугаарт бичигддэг. Коксжих нүүрсний Японы гол худалдан авагчидтай бизнесийн урт хугацааны харилцаатай учир Тавантолгойн нүүрсийг гуравдагч орнууд, тэр дундаа Японы зах зээлд хүргэх боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаа.
П.Булган
Сэтгэгдэл ( 4 )
enhsaihan huuli zorchood hiij baigaag bugd medej baigaa biz dee,enerjiresurs oroo darah geed tavan tolgoig avahaar enhsaihantai tohiroltsood uzeed bna,mongolchuud eniig zogsooh heregtei shuu,bidnii yumiig ene enerjiresurs nertei luivarchin odjargal,oyungerel bathuu nart aldaj bolohgui shuu,”,,,”
гэрээ байгуулагдаад монголчуудад ойрын 15 жилдээ юу ч оногдохгүй гэдгийг яагаад хэлэхгүй байна. Оюу толгой арай дээр
Hurdan gereegee baiguulah heregtei.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮