Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн Сербийн нэгдүгээр лигийн “ФК Мачва” багтай гуравдугаар сарын 6-нд нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ. Ингэснээр А.Мөрөн Монголоос анх удаа Европын мэргэжлийн хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн багт тоглох тамирчин болсон юм. Тэрбээр гэрээ хийснийхээ дараа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Гэрээнд гарын үсэг зурсан. Баярлалаа бурхан минь. Гэр бүл, ах дүү, найз нөхөд, хайрт болон дэмжиж урам өгсөн хүн бүхэндээ баярлалаа” хэмээн бичжээ. А. Мөрөн нь гэрээ байгуулахаасаа өмнө Сербийн нэгдүгээр лигийн гурван багтай хамтарсан бэлтгэлд орсон бөгөөд тэдний хоёр баг нь түүнтэй гэрээ байгуулах хүсэлтэй байжээ. "ФК Мачва" багийн хувьд 1919 онд байгуулагдсан хөлбөмбөгийн ууган багуудын нэг бөгөөд энэ багт тоглож байсан олон тоглогч Европын хүчирхэг багуудад хүчин зүтгэж байсан түүхтэй аж.
Сэтгэгдэл ( 0 )