Ц.Мөнхзаяа мөнгөн медаль хүртжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 22

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Тбилиси Гранпри" тэмцээн хоёр дахь өдрөө Гүржийн Тбилиси хотод үргэлжилж байна. Өчигдөр болсон хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн ОУХМ Ц.Мөнхзаяа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Азербайжаны бөхийг барилдааны цаг дуусахаас 16 секунд дутуу байхад цэвэр ялсан бол хоёрдугаарт тойрогт 63 кг-ийн жингийн дэлхийн чансааг тэргүүлж буй, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Ярден Жербиг юүко үнэлгээгээр ялжээ. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд Шведийн бөх Херманссон Миаг 3:47 секундэд цэвэр ялж, улмаар хагас шигшээд Италийн бөхийг юүко үнэлгээгээр ялж финалдлаа. Ингээд алтан медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Абу Дабигийн "Их дуулга", Токиогийн "Их дуулга"-ын аварга  Трстенжак Тинад ялагдаж, мөнгөн медаль хүртээд байна. Мөн энэ өдөр өрсөлдсөн бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан Н.Дагвасүрэн хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдрийн барилдаанд  эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа нар алт, 60 кг-д өрсөлдсөн Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн. Ингээд хоёр өдрийн дараах байдлаар Монголын жүдочид "Тбилиси Гранпри"-гаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top