Туркийн Самсун хотноо өнөөдөр жүдо бөхийн гран при тэмцээн эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 68 орны эрэгтэй 308, эмэгтэй 187, нийт 495 тамирчин оролцож байгаа юм. Харин манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 10 тамирчин зодоглож байна. Тэгвэл тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болно. Хөнгөн таван жинд манайхаас нийтдээ 9 бөх барилдах юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, Э.Гэрэлмаа нар барилдах гэж байна. Ойрын үед тэмцээнд ороогүй байгаа дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Турк болон Польшийн бөхчүүдийн ялсантай нь барилдах юм. Тэгвэл Э.Гэрэлмаа Туркийн бөх Эбру Сахинтай барилдахаар оноолт таараад байна. 52 М.Бундмаа, А.Цолмон нар барилдах учиртай. М.Бундмаа гавьяатын хувьд эхний тойрогтоо Туркийн бөх Мерве Турктэй барилдахаар оноолт таарав. Харин А.Цолмон эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Люксмбург болон Туркийн бөхийн ялсантай барилдана. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Ц.Цогтбаяр нар зодоглож байна. Д.Амартүвшин эхний тойрогтоо хийлж байгаа бөгөөд хоёрдугаар тойрогт Испани болон Йемены бөхчүүдийн ялсантай нь барилдана. Тэгвэл Ц.Цогтбаатар эхний тойрогтоо Марокко улсын бөх Моудатир Яссайнтай барилдахаар оноолт таараад байна. Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, Б.Батгэрэл нар барилдах юм. Б.Батгэрэл эхний тойрогтоо Бельгийн Кеннет Ван Гансбекетэй барилдах сугалаа таараад байна.
Сэтгэгдэл ( 0 )