Чөлөөт бөхийн “Mongolia Open-2015” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Тус тэмцээнд Монгол, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, АНУ, Казахстан, Киргизстан, Бразил, Беларусь, Польш, Франц, Герман гэсэн 13 орны 206 бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдлөө. Тэмцээнийг 2008, 2012 оны олимпийн наадамд шүүгчээр ажиллаж, 2010 оны ДАШТ-ий шилдэг шүүгчээр шалгарч "Алтан шүгэл" шагнал авч байсан Андрей Коиков тэргүүтэй гадаадын 12, манай 28 шүүгч шүүлээ. Дэлхийн аварга С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, хошой хүрэл медальт Г.Мандахнарах, Э.Ням-Очир, О.Насанбурмаа зэрэг манай шилдэг бөхчүүдээс гадна олмпийн мөнгө, хүрэл медальт Гюзель Манюрова, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Клариса Чун, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Елена Пирожкова, олимпийн хүрэл медальт А.Танаторов, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Пан Америкийн аварга Алиса Лампе нар өрсөлдсөн нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон юм. Энэ тэмцээнээс манай бөхчүүд ес, АНУ, Казахстан, ОХУ-ын бөхчүүд тус бүр хоёр, японы бөхчүүд нэг алтан медаль хүртлээ.
Сэтгэгдэл ( 0 )