Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо энэ өдрүүдэд үргэжилж байна.
Өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 61, 70, 74, 97 кг, эмэгтэй 48 кг-ын жингүүдийн барилдаан болж, манай 4 бөх дэвжээнд гарснаас 61 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Б.Номин хүрэл медаль хүртэж, азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт бөх болов.
Ийнхүү өчигдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн дуусч, Ираны бөхчүүд 4, Иран, Киргиз, Монгол, Узбекийн бөхчүүд тус бүр 1 алтан медаль хүртлээ.
Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 55, 60, 63, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно.
53 кг-ын жинд зодоглох ОУХМ Э.Даваачимэг нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт японы бөх Нанами Ириетэй, 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөх Хуи Литэй, 63 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Энхбаяр нэгдүгээр тойрогт хятадын бөх Зхоу Ма Хулиотой, 69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт Хятадын бөх Фенг Зхоутой таарчээ. 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа барилдана.
Сэтгэгдэл ( 0 )