Сэлэнгэ аймаг төлөвлөснөөсөө 80 мянган тонн дутуу буудай хураана

Админ | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

ХХАА-н сайд Р.Бурмаа газар тариалангийн төв бүс болох Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаад иржээ.

Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил 145 мянган га-д улаанбуудай тарьснаас 114 мянган  га-гаас  ургац авах урьдчилсан дүн мэдээ гарсан байна. Харин тус аймгийн Хушаат сум аймгийн нийт буудайн тариалангийн 10 орчим  хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ жил 12061 га-д улаанбуудай тариалсан ч 7712 га талбайгаас ургац хураах урьдчилсан баланс гарчээ. Нэг га-гаас 13.2 цн ургац хураахаар тооцож,  9910 тонн буудай авах аж. Энэ нь  төлөвлөсөн ургацынх нь 65 хувь болж буйг албаныхан онцолж байна.

 Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цэгээн хуст” компанийн захирал Б.Ганболд ярихдаа, “Манайх 4000 га орчим эргэлтийн талбайтай жилдээ 2000 га-д тариалалт хийдэг. Ургацаа хурааж эхэлсэн, га-гаас 15-17 цн ургац авна. Энэ жилийн хувьд техник, технологийн шинэчлэл харьцангуй сайн хийсэн. ХХААЯ-наас хэрэгжүүлсэн техник, технологийн төсөлд оролцож, хийн даралтат үрлэгч, трактор авч тариалалтаа хийлээ. Цаг агаарын байдлаас шалтгаалан зарим талбайд ургац муу байгаа ч хүйтэрч, цас унахаас урьтан ургацаа хаягдалгүй хурааж авах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Мөн тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж Мандал уул” компанийн хувьд нийт 1500 га-д тариалалт хийжээ. Тэднийх Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс  элит үр авч үржүүлжээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд тариалалтын урьдчилсан балансаар  нэг га-гаас авах ургацын хэмжээ нь 9.3 цт байгаа  аж. Тухайлбал 30 мянган га талбайн 12 мянган га-д уринш хийж, 12 мянган га-г хадаж, ногоон тэжээл хийх  гэнэ. Тус аймаг энэ жил  200 мянган тонн буудай авахаар төлөвлөснөөс 120 мянган тонн хураах урьдчилсан дүн гарчээ.

Харин Орхон аймгийн Жаргалант сумын хувьд үр тарианы 5063 га, төмс, хүнсний ногооны 658 га эргэлтийн талбайтай. Тус сум 3326  га-д улаанбуудай, 119 га-д төмс, 170 га-д хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг 99 га-д тариалсан бөгөөд га-гаас  9.3 цн улаанбуудай хураан авах урьдчилсан тооцоо гарчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3(202.179.20.127) 2015 оны 09 сарын 03

\m/

0  |  0
Top