Алтан медалийн төлөөх ахиад нэг барилдаан

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 13

Алтан медалийн төлөөх  ахиад нэг барилдаан

АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр манай дөрвөн бөх барилдсанаас 74 кг-ын жинд Пүрэвжавын Өнөрбат алтан медалийн төлөө барилдахаар үлдлээ. Тэрбээр дэлхийн аваргын төлөө АНУ-ын бөх, олимпийн аварга, дэлхийн хошой аварга Жордан Эрнест Барроустай барилдах юм.

П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж, удаах тойрогт БНСУ-ын бөх Буингмин Гонгтой маш хүнд барилдаан хийж хөлд нь орж өргөн цацах, ард нь гарах мэх хийж 3:0, 4:2 онооны харьцаараар хожсон. Улмаар Вэнэсуэлийн бөх Кристиан Солменназезийг (10:0), Францын Зелимхан Хажиев (6:1) нарыг хожиж, мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн бөх Н.Панча Ядавтай барилдах болсон. Манай бөх Энэтхэгийн бөхөд 3:4 онооны харьцаагаар хожигдож яваад барилдаан дуусахаас 5 секундын өмнө 1 оноо авч сүүлд авсан оноогоор мөнгөн медалийн болзол хангасан юм. Манай бөх өрсөлдөгчөө дэвжээний захад хөлд нь орж түрж гарган барилдаан дуусахаас 5 секундын өмнө 1 онооны үнэлгээ авахад шүүгч оноог өгөөгүй ч дэвжээнд авч гарсан дасгалжуулагч Ц.Баярсайхан дөрвөлжинг шидэж бичлэгийг дахин үзсэнээр манай бөхөд 1 оноог өгсөн юм. Ингэж П.Өнөрбат дэлхийн аваргын финалын барилдаанд шалгарлаа.

Манай бөхчүүдээс чөлөөтийн ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртээд байгаа. Тэднээс Зэвэгийн Ойдов 1974, 1975, Хорлоогийн Баянмөнх 1975 онд тус тус дэлхийн аварга цолыг хүртсэн. Үүнээс хойш эрэгтэй бөхчүүдээс дэлхийн аварга төрөөгүй байгаа бол бүсгүйчүүдээс 2010, 2015 онд С.Батцэцэг, 2014 онд С.Цэрэнчимэд нар дэлхийн аваргын алтан медалийг аваад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(112.72.13.17) 2015 оны 09 сарын 14

Bayaraa dasgaljuulagch uneheer sain bna.

0  |  0
Top