Юнайтед хожигдож, Люк Шоу хүнд бэртлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 16

Өчигдөр шөнөөс эхэлсэн Аваргуудын лигийн энэ улирлын хэсгийн анхны тоглолтууд Английн багуудад халгаатай болж өнгөрлөө. Тухайлбал, Голландад зочлон тоглосон Манчестер Юнайтед эзэн баг ПСВ Эйндховенд 2:1-ээр хожигдсон бөгөөд зүүн жигүүрийн хамгаалагч Люк Шоугаа бэртэлд алдсан юм.

Голландын аваргууд энэ улиралд онцгой байгаагаа Люсиано Нарсин, Хэктор Морена нарын гоолуудаар баталсан бол Мемфис Дипай “Чөтгөрүүд”-ээс нэг гоол оруулсан.

Өчигдрийн хамгийн ноцтой асуудал бол англи хамгаалагч Люк Шоугийн бэртэл байлаа. Тэрбээр баруун хөл рүүгээ өшиглүүлснээс 45 градус эргэж хугарсан нь олон хүнийг шоконд оруулсан юм.

Юнайтедын эмч нар Люк Шоуг хэзээ эргэж ирэх тухай мэдэхгүй байгаа. Учир нь түүний бэртэл дор хаяж нэг жилийн хугацаанд талбайд гаргах боломжийг хязгаарладаг гэнэ.

Түүнчлэн өчигдөр шөнө Ювэнтусыг талбайдаа хүлээн авсан Английн Манчестер Сити 2:1-ээр хожигдож үхлийн гэгдэх хэсгийн анхны тоглолтоо таагүй эхлүүллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top