Өнгөрсөн амралтын өдрүүдэд хөлбөмбөгийн Дээд лигийн 2-р тойргийн 7 дахь долоо хоногийн тоглолтууд боллоо. Ингэснээр "Хүрхрээ" үндэсний дээд лиг өндөрлөхөд ердөө ганцхан тойрог үлдээд байна. Лигийг тэргүүлэгч "Эрчим" клуб өчигдөр өөрсдийн талбайдаа лигийн гол өрсөлдөгч аваргын цомыг хамгаалагч "Хоромхон" багийг хүлээн авч тоглосон. Энэ тоглолт эхнээсээ дуустал үзэгчдийн цөсийг хөөргөсөн, суудлаас өндөлзүүлсэн ширүүн өрсөлдөөнтэй болов. Тоглолтын эхний гоол нэгдүгээр хагасын төгсгөлд 40 дахь минутанд орсон. Эрнани Мауро багтаа тэргүүллийг авчирсан бол 2-р үеийн 58 дахь минутад Б.Даваажав тоог 2-0 болгон холдуулсан. Гэхдээ Хоромхон тэдэнд бууж өгөхийг хүссэнгүй. Г.Ганбаяр 66 дахь минутанд багийнхаа эхний гоолыг оруулж тоог ойртуулж чадсан. Тоглолт энэ үеэс илүү сонирхолтой болсон ч 72 дахь минутанд Милош Перисич тоог дахин холдуулж 3:1 харьцаатай тоглолт үргэлжиллээ.
Тоглолтын ердөө 10 дахь минутанд “Эрчим” багаас Ж.Сүндорж улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн. Харин 50 дахь минутанд "Хоромхон"-ы Д.Мөнхдөл улаан карт аван, хүний тоо тэнцсэн юм. Уур амьсгал маш ширүүн байж улмаар 60 дахь минутанд “Эрчим” багийн Г.Билгүүн, “Хоромхон” клубын Ц.Дарамбаяр нар харилцан улаан хуудас авж улмаар багууд ижил 9 хүнтэй үлдлээ. Ингээд 81 дэх минут үргэлжилж байхад “Хоромхон” багийн шилдгүүдийн нэг Б.Улсболд тоглолт дуусах болоогүйг сануулж 3:2 болгож ойртуулж чадлаа. Харин ердөө нэг минутын дараа Эрнани Мауро энэ тоглолтын зургаа, багийнхаа дөрөв, өөрийн хоёр дахь гоолыг оруулснаар "Эрчим" клуб ялалт байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )