Дэлхийн цэргийн олимп буюу CISM-ийн 6 дах удаагийн тоглолт тав дахь өдрөө БНСУ-ын Мүнген хотод үргэлжилж байна. Манай зэвсэгт хүчний "Алдар"-ын тамирчид тэмцээнээ амжилттай оролцож буй мэдээллийг ирүүлсээр байна. Тухайлбал, өчигдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд А.Батсуурь мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний цаг үеийн дүнгээр манай "Алдар" спорт хороо хоёр мөнгөн медальтайгаар дэлхийн 117 орноос 11 дүгээр байранд жагсч байна. Өнгөрсөн бямба гаригт жудо бөхийн тамирчид багийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн билээ. Манай тамирчид байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуй гэсэн найман төрлөөр оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар жудо бөхийн төрөлд хоёр мөнгөн медаль хүртээд байгаа юм. Тэмцээн энэ сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь Дэлхийн цэргийн спортын холбооны гишүүний хувьд тэмцээн уралдаан бусад арга хэмжээнд амжилттай оролцож дараах амжилтуудыг гаргасан юм.
1995 онд чөлөөт бөхийн төрлөөр Монголын Улсын Гавъяат Тамирчин, Монгол Улсын үндэсний бөхийн дархан аварга хурандаа Г.Өсөхбаяр мөнгөн медаль, 1999 онд жүдо бөхийн төрлөөр хошууч П.Нямлхагва алтан медаль, 2012 онд буудлагын төрлөөр багийн төрөлд алт, мөнгөн медаль хүртэж байсан бол 2014 онд боксын төрлөөр олон улсын хэмжээний мастер дэд ахлагч Б.Чинзориг алтан медаль, Монгол Улсын Гавьяат Тамирчин Н.Төгсцогт хүрэл медаль, чөлөөт бөхийн тэмцээнээс Монгол Улсын Гавъяат Тамирчин, ахмад Г.Мандахнаран, Монгол Улсын Гавъяат тамирчин ахлагч С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ О.Үйтүмэн нар алтан медаль, ОУХМ, ахлах ахлагч Д.Цогтбаатар, ОУХМ П.Орхон, С/М Ц.Бямбазаяа нар мөнгөн медаль, С/М Б.Батмагнай хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд багаараа алтан медаль, эмэгтэй тамирчид 2 дугаар байрт шалгаран түүхэн амжилтын эзэд болж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )