Э.Бадар-Ууган: ”Тэмцээн маань аль хэдийн хүлээлт үүсгэсэн”

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 23

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн алтан медальт, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган өнгөрсөн долоо хоногт Буриад, Тува, Халимагийн боксын холбооны урилгаар ОХУ-д ажиллаад ирсэн юм. Тэрээр тун удахгүй буюу ирэх арванхоёрдугаар сард болох Шилжин явах алтан цомын төлөөх “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ын ажлаар ийнхүү дээрх улсуудын боксийн холбоодод зочлоод ирсэн юм. Э.Бадар-Ууган “Энэ удаад бид ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн боксын холбоодын удирдлагуудтай албан ёсоор уулзан тэмцээнийхээ талаар болон цаашдын хамтын ажлынхаа талаар өргөн хүрээнд гэрээ хэлэлцээр хийгээд ирлээ.

 

Тэд биднийг очиход найрсаг халуун дотноор угтан авч, тэмцээнд маань ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн.  Мөн цаашид хоёр орны тамирчид хамтарсан бэлтгэл сургуулилт болон нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах тал дээр гэрээ хэлэлцээр хийсэн гээд тэдний хувьд энэ тэмцээн маань хэдийнээ хүлээлт үүсгээд байгааг олж харсан. Мөн энэ тэмцээнд оролцох тамирчдын нэрс хэдийнээ манайд ирсэн. Одоогоор тэд гадаад, дотоодын тэмцээн уралдаанд хүч үзэж байгаа болохоор “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг нэлээд чансаатай тэмцээн болно гэж найдаж байна” хэмээн аяны богцоо задаллаа.

 

Монгол туургатан спортын дэвжээнээ ширэн бээлийтэй өрсөлдөн шилдгээ тодруулахаар товоо зарласан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм.

 

Тиймээс наадмын хүрээнд тэрээр зохион байгуулах комиссын багийнхныхаа хамт ийнхүү Тува, Буриад, Халимагийн боксын холбооны удирдлагуудтай уулзан тэмцээний удирдамжаа гардуулан цаашид хамтран ажиллах албан ёсны гэрээ байгуулжээ. Учир нь энэхүү тэмцээн нь цаашид жил бүр зохион байгуулагдах аж.

 

Тус наадмыг ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах бөгөөд тэмцээнд Монгол, Тува, ӨМӨЗО, Буриад, Халимаг улсын шилдэг боксчид AIBA дүрмийн дагуу 1975-1996 оны хооронд төрсөн 19-40 насны оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

 

Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг нийт 6 жин тус бүрт 4 тамирчин оролцох бөгөөд тэмцээний шагналын сан Азийн боксын тэмцээн дундаа хамгийн өндөр буюу шилжин явах 750 кратын Алтан цомтой бөгөөд жин тус бүрд нэгдүгээр байр, алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэх нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top