ОХУ-ын теннисчин Мария Шарапова сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Нэгдүгээр сард Австралийн Нээлттэй тэмцээнд оролцохоор түүний өгсөн сэргээшийн шинжилгээнээс мельдони хэмээх хориотой бодис илэрчээ. Мария Шарапова эрүүл мэндийн шалтгааны улмаас 2006 оноос хойш энэхүү эмийг хэрэглэж ирсэн аж. Хэдий тийм боловч мельдони хэмээх бодис нь энэ оны нэгдүгээр сараас эхлэн олон улсын сэргээшийн агентлагийн хориотой эмийн жагсаалтад багтах болсон байна. Дээрх асуудалтай холбоотойгоор Олон улсын теннисний холбооноос Мария Шараповагийн тоглох эрхийг гуравдугаар сарын 12-ноос эхлэн түдгэлзүүлэхээ мэдэгдлээ. Холбооны журмын дагуу сэргээш хэрэглэсэн тохиолдолд тамирчдын эрхийг дөрвөн жилээр хасдаг аж. Гэхдээ тухайн нөхцөл байдлаас хамааран бууруулах боломж мөн байдаг байна. Мария Шарапова дэлхийн хамгийн өндөр үнэтэй тамирчдын жагсаалтад багтдаг төдийгүй нэр хүндтэй брэндүүдтэй хамтарч ажилладаг. Харин Мария Шарапова сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсоны дараа “Nike”, “Porsche” болон “TAG Heuer” зэрэг компаниуд хамтын ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Yamar buruutai yum.dunguj sayahan l horigloson yum bn.tegeed ch eruul mendin shaltgaanaar uusan gej bhad