Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод энэ сарын 12-18-ны өдрүүдэд болж өндөрлөсөн шайбтай хоккейн Азийн цомын аварга шалгаруулах “Challenge CUP 2016” тэмцээнд Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид оролцож хүрэл медаль хүртэн амжилтаа бататгасан юм.
Монголын хоккейн холбооноос Олон улсын хоккейн холбоотой хамтран гаргасан календарчилсан төлөвлөгөөний дагуу жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү тэмцээнд Монгол улсын шигшээ баг 2013 оноос эхлэн оролцож байгаа. Өмнө нь 2013, 2014, 2015 онуудад дараалан хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байсан билээ.
Энэ удаагийн тэмцээнд Монгол улсын шигшээ баг эхний тоглолтоо Сингапур улсын шигшээ багтай хийж 11:0-ээр хожилоо авсан бөгөөд энэ тоглолтын MVP буюу “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Б.Эрдэнэсүх шалгарсан бол тоглолтын шилдэг гоолуудыг И.Алтангэрэл, Г.Тамир, Ж.Баярсайхан, Н.Мишигсүрэн нар хийж эхний ялалтаа байгуулсан. Мөн Арабын нэгдсэн Эмират улс болон, Тайвань улсын шигшээ багуудтай учраа тааран тоглосноос сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж 7:3- аар буулган авч хүрэл медалийн болзол хангасан билээ.
Тус тэмцээний Алтан медалийг Тайвань, мөнгөн медаль АНЭУ, хүрэл медаль Монгол улс хүртсэн бол IV, V байрыг Тайланд, Сингапурын багууд эзэлсэн байна.
Тэд өнөөдөр эх орондоо ирж байгаа бөгөөд 11:00 цагт Спорт ордоны 4 давхарын хурлын зааланд хэвлэлийн бага хурал хийх юм.
Сэтгэгдэл ( 0 )