Монгол төрийг онигоонд оруулж буй 76

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Хажуу өрөөнд хадмын царай харан амьдардаг хосууд шиг хэцүү байна хэмээн УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Засгийн Газар хоёроос  өрх тусгаарлах гэж  Кувейтийн Засгийн Газраас нүүрээ ширлэн байж тусламж гуйсан нь нэлээн хэдэн жилийн өмнө.  Монгол төрийг түшилцэж байгаа  УИХ-ын энэ саналыг Кувейтын тал хүлээн авч “Тусдаа гар даа” хэмээн 12 сая ам долларын буцалтгүй тусламж олгосон. Парламентын ордноо хаана барих вэ хэмээн удтал  маргалдсаны эцэст Төрийн ордны арын цэцэрлэгийг буулгаж буурин  дээр нь барих шийдвэрийг Байнгын хороо гаргасан аж. Үүнийг нь ногоон бүлгийн гишүүд хүчтэй эсэргүүцэж, устах дөхсөн цэцэрлэгт мод тарих ажил өрнүүлснээр барахгүй ногоон цэцэрлэг устах нь гээд л өргөх бичиг барьж хэсэгтээ л улстөржсөн удаатай.  Харин ажлын хэсгийнхэн устгахгүй ээ харин ногоон байгууламж нэмж байгуулна хэмээн ам тангараг өргөж ажлаа эхлэх юм болсон ч харамсалтай нь тэнд парламентийн ордон барих сургаар зүлэг модыг нь тордохоо больсон учраас тэнд тарьсан хэдэн мод нь ургасан ч юмгүй тэр байгууламж хоёрын хооронд байдалтай байна. Парламентийн ордон барих ажлын хэсгийг толгойлж байгаа УИХ-ын дэд дарга Г.Батхүү ирэх хавар ордон барих ажлыг эхлүүлнэ хэмээн том амлаж байсан ч одоо тэр ордных бараа байтугай сураг ч алга.  Ёстой л саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг хөрөнгө мөнгө 5-6 жилийн өмнө шийдэгдсэн байхад барилгын ажлаа одоо болтол эхлүүлж чадаагүй Монголын төрийг Кувейтын талынхан гайхаад элэг нь хөшиж хэсэг шоконд орсоноо, одоо буцалтгүй тусламжаар олгосон 12 сая доллараа буцааж авна гэж айлгажээ.  Арга ч үгүй биз. Хотын төвд УИХ-ын гишүүдээр овоглох газраас их юмгүй мөртөө өдий олон жил болчихоод парламентын ордноо барих газар олдохгүй байна гэдэг бол төр түмний ажилд эрхэм гишүүдийн ханддаг үнэн нүүр царай гэхээс өөр юу гэх билээ.  Авч чадахгүй өгч ч чадахгүй  харамчийн үлгэр шиг  байхаар барьж чадахгүй юм бол  ордны арын ногоон байгууламжаа ядаж сэргээмээр юм даа.  Эрхэм гишүүдийг ингэж Монголын төрийн ордон барьчих газрын асуудлыг шийдэж чадахгүй  маргалдсаар байтал буцалтгүй тусламжаар олгосон 12 сая төгрөг үнэгүйдэж даший шог болох вий дээ. Тэр мөнгөөр ядаж нэг үйлдвэр барьчихсан бол өчнөөн иргэдийн чинь амьдралд нэмэр болох сон доо.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top