Казахстаны Алматы хотноо өчигдөр жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн эхэллээ. Тус тэмцээний эхний өдөр манай тамирчдаас эмэгтэй 52 кг-ын жинд А.Цолмон шагналт VII байр эзэлсэн бол эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэй 52 кг-д М.Бундмаа нар II, III тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн. Мөн эрэгтэй 60 кг-д олимпийн наадамд орох эрхээ аваад байгаа Ц.Цогтбаатар жингээр хасагджээ.
Тэгвэл эмэгтэй 48 кг-ын жинд Казахстан улсын тамирчин Г.Отгонцэцэг алтан медаль хүртлээ. Тэрээр Вьетнам, Франц, Украины жүдочдыг хожиж, финалд 2015 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Бо Кёонг Жонгийг торгуулиар хожсон юм.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэй 73 кг-д Гавьяат тамирчин С.Ням-Очир, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэй 63 кг-д Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдана.
Олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд дэлхийн 83 орны 396 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр Казахстан, Польш, Итали, Япон, Швейцарийн баг тамирчид нэг алтан медаль хүртжээ. 13 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )