Монголын чөлөөтийн бөхийн мастеруудын холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд мастеруудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтанхуяг, Д.Ганбат, П.Гансүх, спортын сэтгүүлч С.Шижирбат нар оролцсон юм.
МЧБМХ-ны УЗ-ийн гишүүн Д.Алтанхуяг "Риогийн олимпийн чөлөөтийн бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдсан Г.Мандахнаран олимпийн хүрэл медалиа луйвардуулсан. Хүзүүндээ зүүж чадаагүй хүрэл медалийг монголчуудын сэтгэлийн өргөлөөр шижир алтаар цутгаж энгэрт зүүж өгөхийг бид уриалж байна. Энэ аян таван өдрийн турш буюу 28 хүртэл үргэлжилнэ. Одоогоор нийт 20 сая төгрөг цуглараад байна. Хандив өргөхийг хүссэн иргэд Хаан банкны 5085192505 тоот дансанд өргөх боломжтой. Хандиваар нийт хэдэн төгрөг цугласан талаарх бүх мэдээллийг цаг тухайд нь шуурхай, дэлгэрэнгүй хүргэнэ. Г.Мандахнаранд шижир алтаар цутгасан медалийг энэ сарын 29-нд Спортын төв ордны өмнө гардуулна” хэмээн өгүүлэв.
Медаль гардуулах ёслолд хандив өргөсөн бүх хүнийг ирж оролцохыг урьж байгаа юм байна. Хэрэв та хандив өргөсөн бол өөрийн нэр, хаяг, утасны дугаар зэргийг банкны баримтан дээр тодорхой бичиж ирүүлэхийг санууллаа. Мөн зохион байгуулагчид үйл ажиллагааныхаа зардал, санхүүгийн тайланг ил тодоор танилцуулах ажээ.
"Рио 2016" олимпийн наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны үр дүн дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ жингийн эхний хүрэл медалийн төлөө манай Г.Мандахнаран, Узбекстаны Ихтиёр Наврузов нар барилдсан. Барилдаан дуусахад 15 секунд дутуу байхад Г.Мандахнаран 7-6-аар хожиж явсан юм. Гэтэл түүнийг цаг дуусах хүртэл илт зугтааж хамгаалсан гэдэг үүднээс торгуулийн 1 оноог өгсөн. Ингээд хүрэл медаль хүртчихлээ хэмээн баярласан Г.Мандахнаран медальгүй хоцорсон юм.
Узбекстаны бөх Ихтиёр Наврузов хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд зогссон ч гэлээ түүний шөвгийн наймын барилдаан будлиантай болжээ. И.Наврузов шөвгийн наймд Пуэрто Рикогийн бөх Ф.Гоместой барилдахдаа шүүгчийн тусламжтайгаар 8-5-аар хожсон юм. Гэтэл энэхүү барилдааныг шүүсэн Гүржийн Темо Казарашвили, БНСУ-ын Чунг Тонг Кун, ОХУ-ын Сергей Новаковский нарын шүүгчдийн эрхийг түр түдгэлзүүлээд байгааг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга А.Сильвестри мэдэгдсэн. Эдгээр шүүгчдийг мөрдөн шалгах ажиллагаа дуустал шүүгчийн эрхийг нь түдгэлзүүлж, эцсийн шийдвэр гартал дэвжээнд гарахад нь хориг тавиад байгаа юм. ДБНХ-ны Ёс зүйн зөвлөлөөс дээрх барилдааны явц, эргэн тойронд болсон нөхцөл байдлыг хяналтдаа авч мөрдөн шалгалтын тухай илтгэл бэлтгэх аж.
Сэтгэгдэл ( 0 )