Риогийн олимпод ажилласан боксын шүүгчдийн эрхийг түдгэлзүүлэв

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 13

Сонирхогчдын боксын олон улсын холбоо буюу AIBA-гийн шүүгч, дасгалжуулагчдын комисс Швейцарьт хуралджээ. Хуралдаанаар “Рио-2016” олимпоор болж өнгөрсөн ээдрээтэй шүүлтнийхээ талаар хэлэлцсэн юм. Ингээд Риогийн олимпод ажилласан 36 шүүгчийн эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан бөгөөд албан ёсны шийдвэр гарах хүртэл тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна.

AIBA-гийн ерөнхийлөгч Чин Куо Ву энэ тухай “Рио 2016-гийн ихэнх тоглолтыг үзэгчид эергээр хүлээж авсан ч цөөн тооны шийдвэр маргаан дагуулсан нь АIBA-гийн шүүлтийн ажиллагаанд өөрчлөлт хийх шаардлагатайг илтгэсэн явдал боллоо. Ийм учраас олимпод ажилласан 36 шүүгчийг бүгдийг нь холбооны шалгалт дуусч, албан ёсоор арга хэмжээ авах хүртэл аливаа тэмцээн уралдаанд оролцож, шүүх эрхийг түдгэлзүүлсэн” гэжээ.

Гэсэн ч AIBA одоогийн 10 онооны системээ хэвээр хадгална гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь шүүгчдийг комиссоос томилдог байсан бол одоо автоматаар сонгох байдлаар өөрчлөх санал яригдаж байгаа аж.

Ниргэсэн хойно хашгирав гэгчээр олимпиос хоёр сарын дараа AIBA ийм шийдвэр гаргасныг шүүмжлэх хүмүүс ч байна.

Олимпоос хүрэл медаль хүртсэн манай тамирчин Д.Отгондалайгийн хувьд медалийнхаа өнгийг хувиргах бүрэн боломжтой байсан гэж монголчууд итгэдэг.

Ирландын тамирчин Майкл Конлан дэвжээн дээр шүүгчид рүү дунд хуруугаа харуулж, эсэргүүцлээ ил тод илэрхийлснээр үл барам AIBA-г булхай луйвар үүрлэсэн газар, дахин сонирхогчдын боксоор тоглохгүй хатуу мэдэгдэл хийсэн билээ.

Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top