Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Азийн оюутны аварга, Азийн элсний наадмын мөнгөн медальт Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Монголын Оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал Ч. Эрдэнэтуяа, Монголын Сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Дамба, багийн ахлагч Д.Гоошоохүү, багийн ахлах дасгалжуулагч С.Тулга, шүүгч Б.Ганзориг тэргүүтэй албаны хүмүүс, тэмцээний үнэ цэнтэй тоглогч Э.Дөлгөөн, тэмцээний гарааны шилдэг тоглогч А.Тэмүүжин, тамирчин А.Гансүх, Г.Чинбат, М.Даваадорж, А.Бямбадорж, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал, Б.Батзолбоо, О.Цэлмэг, А.Сүхбат нарын зэрэг шигшээ багийн тамирчид оролцов.
Уг шигшээ багийн тамирчид өнгөрсөн 9 дүгээр сарын 18-25-нд Улаанбаатар хотноо болсон Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээнд оролцон аварга болж алтан медаль хүртсэн байна. Энэхүү тэмцээнд Монгол Улс, БНХАУ, Хонконг, Макао, Тайвань, БНСУ, Казахстаны оюутны шигшээ багийн тамирчид оролцжээ.
Уулзалтад оролцогсод Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 онд гаргасан Багийн спортыг дэмжин хөгжүүлэх тухай 144 тоот зарлигийг хэрэгжүүлэн эх орондоо зохион байгуулсан Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж, Азийн оюутны аварга сагсан бөмбөгийн баг болсон амжилтаа танилцуулсан юм. Энэ нь Ерөнхийлөгчийн зарлигийг амьдралд ойртуулан хэрэжүүлж буйн тод илрэл хэмэн тамирчид үзэж байгаа юм байна.
Энэ 2016 оны хувьд Монголын баг тамирчид олон улсын хэмжээнд хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн 5 тэмцээнд оролцож 4 медаль хүртсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Багийн спортыг дэмжин хөгжүүлэх тухай зарлиг ийнхүү үр дүнгээ үзүүлж, Монголд багийн спорт амжилттай хөгжихөд урам өгч, дэм болж байгааг уулзалтад оролцсон тамирчид, дасгалжуулагчид хэлж байлаа.
Мөн Монголын сагсан бөмбөгчид төрөөс ямар нэг дэмжлэг авалгүй өөрсдөө зөв менежмент гарган хараат бусаар 12 жилийн турш ажиллаж амжилтад хүрч байгаагаа танилцуулав. АНУ-аас 3 жилийн хугацаанд МВА зэрэгт тоглож байсан 45 легионер тамирчин авчирч тэднээс багагүй зүйл суралцжээ.
Социализмын үед, 1975 онд болсон ах дүү армиудын спартакиад Монголд сагсан бөмбөгийн төрлөөр тухайн үед болсон хамгийн том тэмцээнд тооцогддог юм байна. Сүүлийн жилүүдэд клубууд олширч, мэдээлэл сайжирснаар хүүхэд, залуус сагсан бөмбөгийн спортоор хичээллэх нь их болжээ. Сагсан бөмбөгийн холбооноос Монгол Улсын 331 суманд өсвөрийн хүүхдүүдийн тэмцээн явуулах, нийслэлийн цэцэрлэгүүд дээр 5-6 наснаас нь сургах төсөл хэрэгжүүлэхээр бодож байгаа юм байна. Монголын багийн спорт социализмын үеэс төдийлөн ахиагүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй гэж тэд үзжээ. Ахиц гаргахын тулд спортын чиглэлийн хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг ч тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Өнөөдөр та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа. Цаашаа спорт хариуцсан сайд, байгууллагынхантай уулзаж, гишүүдтэйгээ ажиллаж байж асуудал шийдэгдэнэ. Манайхан спорт, тамирчид гэхээр бөх, морь, сур гурвынхаа хойноос л явдаг. Спортын бусад төрлийг хаяад байгаа. Тиймээс бид сагс, хөлбөмбөг, гар бөмбөг зэрэг багийн спортыг дэмжихээр оролдоод байгаа юм. Энэ санаачилгыг хамгийн дээрээсээ, төрөөс эхэлж гаргах ёстой гэж би бодож байгаа.
Та бүхэнд тодорхой, ашигтай, тустай саналууд байгаа бол түүнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Манайхан хуулийн төсөл боловсруулаад санаа амарчихдаг. Гадаадаас спортын зарим төрөл дээр легионер тамирчин авч ирэх, иргэн болгох зэрэг санаа байж болно.
Хэцүүгүй амьдрал гэж байхгүй учраас та бүхэн зорилго тавиад, тууштай ажиллахад амжилтад хүрнэ гэж би бодож байна.
Хүүхдүүдийн дунд заалны хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулж байгаатай адилаар тийм зүйл хийж болох байх. Цэцэрлэгээс эхлэх хэцүү байж мэднэ. Дунд сургуулиас нь эхлээд хүүхдүүд нас насныхаа ангиллаар тэмцээнд оролцдог хөдөлгөөн өрнүүлэх юм бол их зөв болох байх гэж бодож байна. Спортод элэгтэй явсан хүмүүсийн нуруун дээр л энэ бүхэн явж байгаа. Спортод элэгтэй аж ахуйн нэгжүүдийг, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийг дэмжиж байх хэрэгтэй. Тийм бодол надад байна. Тэр үүднээс өнөөдөр ажлын дундуур та бүхэнтэй уулзъя гэж бодсон юм.
Би спортынхонд цагаан атаархаж явдаг хүн. Дуртай юмаа хийгээд, тоглоод, хүндэтгэл хүлээгээд явах хамгийн сайхан, гайхалтай биз дээ. Тоглох дуртай олон сая хүмүүсээс ялгарах нь хамгийн хэцүү байх. Та нар бол ховор хувь заяатай, азтай улсууд юм гэж бодож байгаа.
Монголчууд багийн спортод амжилт гаргаж чадахгүй гэдэг худлаа. Нэг баг болоод зүтгэхэд бид нар амжилт гаргана. БНХАУ, Казахстан, Тайваний тамирчдын жин ямар билээ. Монгол ямар билээ.
Энэ дотроос монголчууд сахилга, зохион байгуулалтаараа ялгарах ёстой. Монгол хүн онцлог гэдэгт би хувьдаа итгэдэг. Үнэхээр зорилго тавиад явах юм бол бид хэнээс ч дутахгүй гэж боддог. Хамгийн гол нь сахилга, зохион байгуулалт. Багаар ажилладаг, өрсөлддөг, бие биеэ дэмждэг чадвар юманд хүргэх болов уу гэж найдаж байгаа.
Та бүхнийгээ дэмжиж ажиллана. Хамтарч ажиллана. Их баярлалаа. Бүгдэд нь баяр хүргэе” гэлээ.
Энэхүү уулзалтын үеэр Ази тивийн түвшинд аваргын амжилт үзүүлсэн баг тамирчид Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 4 дугаартай цагаан өнгийн өмсгөл, аваргын тэмцээнд оролцсон тоглогчдын гарын үсэгтэй бөмбөг, ялсан баг өөртөө авч үлддэг сагсан бөмбөгийн торыг дурсгал болон өгсөн юм.
Уулзалтын дараа баг тамирчид, дасгалжуулагчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Есөн хөлт цагаан тугийн дэргэд дурсгалын зураг татууллаа.
Сэтгэгдэл ( 0 )